П.Хангалын их бүтээн байгуулалт

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

П.Хангалын их бүтээн байгуулалт

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү П.Хангалын их бүтээн байгуулалт

Зайсангийн амандаа л байршил сайтайд тооцогдох “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн урдхан талд “The light resident” хэмээх сайхан нэртэй сүрлэг хотхоныг сүндэрлүүлж эхэлжээ. Энэхүү хотхоныг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн  хүү, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн П.Хангал  100 өрхөд зориулан бариулж байгаа юм байна. Гагцхүү  100-хан өрхөд зориулсан гэхээр л жаахан  чамлалтай.   Нийслэлд сайхан орчинд амьдрахыг хүсэгчид 100-аас хол даваад байгаа энэ үед шүү.  Тийм байлаа гээд яах вэ. П.Хангал чинь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болохоос тэрбумтан  биш.   “Чамлахаар чанга атга” гэдэг биз дээ.  Тэгэхээр П.Хангалын “Жинхэнэ уянга” компанийнханд баярлах хэрэгтэй. Харин энэ хотхонд захиалга өгч амжаагүй хүмүүс л сэтгэл дундуур үлдэх бий вий.  

“The light resident” хотхон дан болон давхар хаус, орон сууц гэсэн гурван хэсэг бүхий барилгаас бүрдэх аж. Хотхоны онцлог нь “The light resident” хэмээх нэрэндээ байгаа бололтой. Барилгынхаа дотоод дизайныг Өмнөд Солонгосоос ирсэн мэргэжлийн багийнхнаар хийлгэж байгаа бөгөөд барилгын ажлыг “Шанхай” барилга угсралтын компаниар гүйцэтгүүлж байгаа  гэнэ. Тэгэхээр монголчуудаа биш хятадуудыг зарцалж байгааг нь ч сайшаамаар. 

Хотхоны зохион байгуулалт тун энгийн. ХААИС-руу харсан нүүрэн талд нь арван дан хаус байрлана. Нэг дан хаус нь 650, давхар хаус нь 750 м.кв  талбайтай. Мэдээж гражтай. Квадрат метрийн үнэ нь хоёр сая 400 мянган төгрөг.  Тэгэхээр нэг дан хаус нь 1.56 тэрбум төгрөгийн өртөгтэй юм байна.  Харин давхар хаусыг сонирхож байгаа хүн  1.95 тэрбум төгрөгтэй байх шаардлагатай гэсэн үг.  Аливаа барилгын ажлаас барилгын компани хоёр дахин нугалсан ашиг олдог (багаар бодоход шүү) гэж үзвэл  тус бүр нь бараг хоёр тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг хэрхэн дамлаж байгаа нь тодорхой.  Зургаан хаус зарахад л 12 тэрбум.  Гэхдээ эдгээр байрны үнэ Зайсан хавийн байруудаасаа арай бага үнэтэй гэж байгаа. За ямар ч байсан П.Хангал сайхан барилга барьж их мөнгө олох нь тодорхой.  Зайсангийн амны  газруудыг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан У.Барсболдынх гэдэг аман яриа явдаг. Харин У.Барсболд, Д.Пүрэвдорж нар хамаатнууд гэдгийг бүгд мэдэх биз. Хэтэрхий том газраасаа жаахныг л  П.Хангал дүүдээ өгсөн байж болно. Энэ бол хувь хүмүүсийн л асуудал. Ямартаа л “Мон-Уран”-ы Х.Наранхүүг ижил өнгийн дөрвөн “Ролс-ройсс” машиныг Тэрэлжээс хөдөлгөхөд “Газартай хүн яахав дээ, ганц га газраа л зараад дөрөвхөн машин аваа биз” хэмээх егөө үг дагалдаж байх вэ.  Түүн шиг газартай хүн ганц га газар дүүдээ өгөө л биз, яадаг юм гэж бодогдож байна шүү.  

“Сайн явахад садаа мундахгүй” гэгчээр П.Хангалыг бас “Найман шарга” ченжийн захад вальют зарах павьлоны эрх авсан гэлцэх юм. Гэхдээ аавыгаа Монголбанкны Ерөнхийлөгч болсны дараагаас Санхүүгийн зохицуулах хорооноос авсан гэж барин тавин ярилцаж байна. Үүнд би итгээгүй.  Худлаа гэж бодно.   Гэхдээ үнэн байлаа ч яадаг юм бэ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж