Н.Даваа эхлээд Зүрх, судасны тасагт эмчлүүлж байсан бол өнөөдрөөс Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасагт шилжин хэвтжээ. Түүнийг мэс заслын тасагт шилжээд байх үед нь уулзахаар очиход энгийн хувцас өмссөн харгалзагчийн хамт гарч ирсэн юм.
-Сайн байна уу. Таны бие сайн уу?
-Сайн. Хэд хоног зүрх судасны тасагт хэвтэж эмчлүүлсэн. Овоо дээрдэж байна.
-Мэс заслын тасагт шилжсэнийг бодоход та мэс засалд орно гэсэн үг үү?
-Тийм ээ. Мэс засалд орох болоод ийшээ шилжсэн. Чухам хэзээ орохыг нь мэдээгүй байна.
-Уучлаарай, эмчилгээний дараа таныг үргэлжлүүлж хорих болов уу?
-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ арай ч үргэлжлүүлэн хорихгүй байх гэж найдаж байна. Ер нь миний эрүүл мэндийн байдал удаан хугацаанд цагдан хоригдоход хэцүү болсон. Мэргэжлийн эмч нар ч үүнийг хэлж байгаа.
-Цагдан хоригдож байгаа Анод банкны бусад гишүүд Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын биеийн байдал ямархуу байгаа бол?
-Намайг харгалзагчтай байгааг харж байгаа биз дээ. Иймэрхүү зүйл ярьж болохгүй, хориотой. Ямар ч байсан эхлээд биеэ бодох хэрэгтэй байна. Би хоригдож байхдаа захидал бичиж, нийтлүүлж байсан даа. Уг нь түүн дээр тодорхой зүйлүүд дурьдсан байгаа.
Биднийг ийн ярьж байтал харгалзагч гэх энгийн хувцастай залуу Н.Давааг буцаж орохыг шаардсан юм.
Н.Даваа цагдан хоригдож байхдаа ирүүлсэн захидалдаа “Анод банк нь зөвхөн иргэдийн мөнгийг хадгалж, зээл олгох төдийхнөөр ажиллаж байгаагүй. Улс орныхоо ирээдүй, эдийн засгийн өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын олон чухал ажил зохион байгуулж байсан. Энэ талаараа төр засгийн эрх баригчдад удаа дараа танилцуулсан” гэжээ
Н.Давааг өнгөрөгч дөрөвдүгээр сард баривчлагдах үед эхнэр Т.Оюунгэрэл нь “Хууль хяналтынхан эхлээд дугарсан хэдийг баривчилчихвал дараагийн хүмүүс нь дугарахгүй гэсэн зарчмаар ажиллаж байна. Улс эх орныг маань худалдаж, луйвардах гээд байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг нөхөр маань том эх сурвалжаас ойлгоод мэдчихсэн учир л тэмцэх болсон. Анодын хэрэг бол тойроод маш олон нөлөө бүхий хүмүүсийн эрх ашиг орсон хэрэг. Энэ хэрэгт нөхөр маань ямар ч холбоогүй. Нэг ч төгрөг идэж уугаагүй. Дээр нь яг гүйцэтгэх ажлыг хийдэг гар хөлийн үсэг зурдаг хүн биш атлаа баривчлагдлаа “ хэмээн ярилцлага өгч байжээ. Тэрбээр нөхрөө батлан даалтад гаргахаар мөрдөн байцаагч, цагдаа, прокурорт удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон юм.