Үндэсний статистикийн хороо нь 2002 онд анх “Ажиллах хүчний судалгаа (АХС)”-г Олон улсын хөдөлмөрийн байгууллаг(ОУХБ)-ын тусламжтайгаар явуулсан бөгөөд 2006 оноос эхлэн Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр АХС-г улирал тутам тогтмол явуулж байхаар хуульчилсан юм.
Манай хороо үндэсний хэмжээнд “Ажиллах хүчний судалгаа”-г 2006 оноос хойш байнга явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 2002-2003, 2006-2007 онд хоёр удаа “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа(ХХС)”-тай хамтруулан олон улсын жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан.
Гурав дахь удаагийн ХХС-г АХС-тай хамтруулан ОУХБ-ын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2011 оны 7 дугаар сараас 2012 оны 6 сарыг дуусталх хугацаанд явуулахаар судалгааны ажил эхлээд байна.
Энэ удаагийн судалгаа явуулах болсон шаардлага, үндэслэл нь:
ОУХБ-ын “Ажилд авах насны доод хязгаарын тухай” 138-р Конвенци, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай” 182-р Конвенцид “Эдгээр Конвенцид нэгдэн орсон Гишүүн орон бүр өөрийн улсдаа хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн устгах ба ажилд авах насны доод хязгаарыг хүүхдийн бие бялдар болон оюун санааны хувьд бүрэн боловсрох үеийнх нь настай нийцүүлэн тогтоох үндэсний бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу, 2008 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 18 дугаар бага хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэх, энэ тогтоолын ”Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, түүний дотроос аюултай ажил хийж буй хүүхдийг тодорхойлох” гэсэн заалт, мөн Монгол Улсын Засгийн Газраас 2008 онд баталсан ”Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д буй ажлыг Монгол хүүхдүүд хийж буй эсэхийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Судалгааны зорилго
Тав ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүхий л мэдээллийг сүүлийн долоо хоног, сүүлийн 12 сарын байдлаар тодорхойлон гаргана. Үүнд:
- Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг насны бүлэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжил, ажилласан хугацаа, хөдөлмөр эрхлэлтийн статусаар ангилан тодорхойлно;
- Ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн түвшинг улирлаар гаргана;
- Үндсэн болон давхар ажил эрхлэлт, бүрэн бус болон өмнөх үеийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг зэрэгцүүлэн харуулна;
- Хүүхдийн хөдөлмөр, хүүхэд хөдөлмөр эрхлэх болсон шалтгаан, түүний дотроос аюултай ажил эрхэлж буй хүүхэд, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн ажлын нөхцөл, хөдөлмөр эрхлэлт тэдний эрүүл мэнд, боловсролд хэрхэн нөлөөлж буйг нэгтгэн тодорхойлно.
- Хүүхдийн сургууль завсардалтын талаарх мэдээллийг цуглуулна.
Судалгааны ач холбогдол:
Энэ удаа “Ажиллах хүчний судалгаа”-тай “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г хамтатган явуулснаар ажилгүйдлийн шалтгааныг улирлаар тодорхойлон гаргаж, ажиллах хүчний шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний хэмжээнд болон бүс нутаг, аймаг, нийслэл, дүүргээр тооцож, 5-17 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэх болсон шалтгаан болон тэдний эрхэлж буй хөдөлмөртэй нь холбогдсон бусад мэдээллийг цуглуулж, цаашид хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн боловсрол, нийгмийн хамгааллын талаар бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулж, төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг шаардлагатай, үнэн бодит статистикийн тоо мэдээллээр хангах чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү судалгаа нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлтэй холбоотой үзүүлэлтүүдийг бүс нутаг, хот, хөдөө, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангилал, хөдөлмөр эрхлэлтийн байдлаар улирлын нөлөөллийг тусган тооцож гаргаснаараа онцлогтой судалгаа юм.
Судалгааны хамрах хүрээ
Судалгаанд Монгол Улсын нийт өрхөөс 12816 өрхийг сонгон авч хамруулна.
Түүврийн хэмжээ:
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх, хүрээ нь Монгол Улсын нийт өрх бөгөөд 2011-2012 оны АХС+ХХС-нд Монгол Улсын нийт өрхийг төлөөлөхүйц 12816 өрх хамрагдана.
Мэдээлэл цуглуулах арга:
Ярилцлага авагч сонгогдсон өрхөөр орж, өрхийн гишүүдийн байдал болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийг авахдаа, эдийн засгийн идэвхийг сүүлийн 7 хоногийн байдлаар асууж, асуулгыг нөхнө. Сонгогдсон нэгж, өрх бүхэнд тусгай ярилцлага авагч ажиллана.
Судалгааны мэдээлэл цуглуулах асуулгын хуудас:
"Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-ны асуулгын маягт нь хаягийн хэсэг, ерөнхий асуулга болон эдийн засгийн үзүүлэлт бүхий 9 бүлэг 183 асууултаас бүрдэж байгаа болно.
Судалгаа явуулахад иргэд, өрх, хувь хүний оролцоо:
Энэхүү судалгаанд оролцсоноороо Монгол Улсынхаа засаг захиргааны нэгжийг төлөөлөн үнэн зөв хариулт өгч, хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний хэмжээний бодлого боловсруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн мэдээллийг бүрдүүлэхэд иргэний хувьд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Өмнөх онуудын судалгаанаас гарсан үр дүн:
Судалгааны үр дүнг улирал, жилээр тархааж байгаа бөгөөд жилийн үр дүнг танилцуулсан дэлгэрэнгүй тайлангийн номнуудыг нийтийн хүртээл болгоод байна.
2010 оны “Ажиллах хүчний судалгаа (АХС)”-ны үндсэн үр дүн:
2010 оны “Ажиллах хүчний судалгаа”-нд улсын хэмжээгээр аймаг, нийслэлийн 12816 өрх хамрагдлаа.
Ажиллах хүчний судалгааны дүнг тархаасан тооцоогоор 2010 онд эдийн засгийн идэвхтэй хүн 1147.1 мянга байгаагаас 1033.7 мянга буюу 90.1 хувь нь ажиллагчид, 113.4 мянга буюу 9.9 хувь нь ажилгүй иргэд байна.
Хүн амын ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд 61.6 хувь болж, өмнөх оныхоос 5.2 пунктээр буурсан байна.
Ажилгүйдлийн түвшин 2010 онд 9.9 хувьтай байна.
1033.7 мянган ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 33.5 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт, 14.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 8.3 хувь нь боловсролын салбарт, 7.4 хувь нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт, 6.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Энэхүү судалгаанд хамрагдах өрх, нэгжийг статистикийн шинжлэх ухааны түүвэрлэлтийн аргыг ашиглан хоёр шатат түүврээр пропорциональ магадлалт түүврийн арга болон энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгодог тул улсын хэмжээн дэх 713.8 мянган өрхөөс хэнийх ч сонгогдох магадлалтай юм. Хэрэв “Танай өрх манай судалгаанд сонгогдвол иргэний үүргээ биелүүлж идэвхтэй оролцоорой” гэж уриалмаар байна.
Үндэсний Статистикийн Хороо
Засгийн газрын III байр
Бага тойруу-44, Сүхбаатар
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас:(976-51)-266414
Факс(976-11)-324518
Web хуудас: www.nso.mn
E-Mali: nso@magicnet.mn;
hansg@nso.mn