Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын төрөөс ардчиллыг хөгжүүлж, сайн засаглалыг улс орондоо төлөвшүүлэх асуудлыг хөгжлийн хөшүүрэг хэмээн үзэж ямагт онцлон анхаарч ирлээ. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн байгууламжаа өөрчлөн шинэчлэх үйл явцын хүрээнд Удирдлагын хөгжлийн хөтөлбөр, “Сайн засаглал”, “Төрийн албаны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр” болон “Улсын салбарын шинэ удирдлага”-ын үзэл санааг дэс дараатай хэрэгжүүлсэн нь ардчилсан засаглалыг төлөвшүүлж, шинэ засаг захиргаа бүрэлдэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Олон улсын 5 дугаар бага хурлыг 2003 онд эх орондоо зохион байгуулсан. Энэ хурлаас хүлээсэн үүргийн дагуу улс орныхоо ардчиллын хөгжил, засаглалын төлөв байдалд олон улсын аргачлалаар үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг манай эрдэмтэн судлаачид амжилттай хийсэн юм.
Монгол Улсын Их Хурал 2005 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлах тухай тогтоол гаргасан. Энэ үед үндсэн найман зорилгоос гадна “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” гэсэн ес дэх зорилгыг бид шийдвэртээ нэмж баталсан юм. Уг зорилгод хүрэхийн тулд: 1) Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүндэтгэн сахиж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, олон нийтэд мэдээллийг чөлөөтэй олж авах боломж олгох, 2) Ардчиллын үндсэн зарчим, хэв маягийг амьдралд хэвшүүлэх, 3) Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх гэсэн гурван тодорхой зорилт тавьсан юм. УИХ тэдгээр зорилтын хүрээнд “Авлигын эсрэг хууль”, үндэсний хөтөлбөр, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг баталлаа. Хэрэгжилтийг тооцож үнэлэх шалгуур үзүүлэлтийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулан гаргаж, хоёр жил тутам үр дүнгийн явц байдлын тухай тайланг сонсож байна. Манай энэ санаачилгыг ардчилал, засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, дэлхийн улс орнууд ихээхэн сонирхож, талархан дэмжиж байдгийг онцлов.
Тэрбээр цааш хэлэхдээ, Манай орон өнөөдөр Оюутолгой, Тавантолгой зэрэг байгалийн баялгаа ашиглан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах боломжийг хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын гараан дээр байна. Эдийн засагт бий болж буй энэ боломжийг улс орны хөгжил, хүн ардын сайн сайхан амьдралын бодит хүчин зүйл болгож, Монголын ард түмэнд өгөх үр өгөөжийг нь дээшлүүлэхэд хариуцлагатай, шударга, ил тод ажилладаг ардчилсан засаглал нэн чухал гэдгийг бид сайтар ойлгодог оо.
Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр багагүй амжилт олж, ахиц дэвшилд хүрч байна. Гэхдээ нийгмийн хөгжлийн эрчимтэй өөрчлөлт, даяаршлын үйл явц засаглалыг илүү үр өгөөжтэй, хариуцлагатай болгон төлөвшүүлэхийг шаардаж байгаа бөгөөд, шийдлээ олох цөөн биш сорилт бэрхшээлүүд бий. Эдийн засгийн харьцангуй таатай боломжийг юуны өмнө ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ашиглах хэрэгтэй байна. Төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төр, захиргааны шинэтгэл хийх хэрэгтэй байна. Авлига багасахгүй, бүр өсөх хандлага ажиглагдах боллоо. Засаг төрийн болон улс төрийн байгууллагуудад итгэх олон түмний итгэл сайнгүй байна. Энэ мэт сорилт, бэрхшээлийг даван туулахад шинжлэх ухааны үндэстэй судалгааны дүгнэлт, зөвлөмж, эрдэмтэн судлаачдын идэвхтэй оролцоо нэн чухал юм.
Ардчиллын баялаг туршлага бүхий арав гаруй орны нэр хүндтэй эрдэмтэн судлаачид өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний энэ хуралд оролцож байна. Ардчилал ба засаглалын судалгааг гүнзгийрүүлэх, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцох сайхан боломж Та бидэнд олгож байгаагаараа эрдэм шинжилгээний хурал ач холбогдолтой байх болно. Түүнчлэн сайн засаглалыг бэхжүүлэх, энэ чиглэлийн сургалт, судалгааны ажлыг сайжруулах асуудлаар улс орнууд туршлагаа харилцан солилцох бас нэг хэлбэр бол хамтын ажиллагаатай сургуулиудын түншлэлийг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх явдал билээ. Энэхүү хурал энэ үйлсэд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байна.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаатайгаар даргалах хүндтэй үүргийг хүлээж авсан. Ийм цаг үед олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгааг бид их олзуурхаж, бүх талаар дэмжиж байгаа билээ гээд эрдэм шинжилгээний хурлыг санаачлан хамтарч зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, АНУ-ын Хавайн их сургууль, ХБНГУ-ын Подстамын их сургууль, Тайландын Вант улсын Үндэсний хөгжлийн хүрээлэн болон манай хуралд хүрэлцэн ирсэн нийт зочид, эрдэмтэн профессорууддаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, мөн хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн хурлын хэлэлцүүлэг ажил хэрэгч өрнөж онол, практикийн ач холбогдолтой олон чухал санаа, дүгнэлтийг нухацтай шүүн хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд хуралд оролцогсдод эрүүл энх, аж жаргал, ажлын амжилтыг ерөөж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Олон улсын энэхүү бага хуралд Франц, Англи, Япон, БНХАУ, Австри зэрэг орны их сургуулийн эрдэмтэн багш нар дэмжиж оролцохын зэрэгцээ манай орны төр, засаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байгаа аж. Эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр үргэлжилж “Ардчилсан засаглал ба Монгол Улсын хөгжил”, “Америкийн ардчиллын таван сорилт, Монголын төлөвшиж буй ардчилал дахь тэдгээрийн тусгал”, “Төрийн засаглал:олон улсын туршлага, хандлага” үндсэн илтгэлүүдийн зэрэгцээ салбар хуралдаанаар арваад илтгэл хэлэлцэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.