ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болж байна

УИХ-ын даргын ивээл дор “Ардчилсан засаглалын туршлага: боломж, сорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Уг бага хурлыг Удирдлагын академи санаачилж, УИХ-ын Тамгын газар, АНУ-ын Хавайн их сургууль, ХБНГУ-ын Потсдамын их сургууль, Тайландын вант улсын Хөгжлийн удирдлагын үндэсний институт хамтран зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын төрөөс ардчиллыг хөгжүүлж, сайн засаглалыг улс орондоо төлөвшүүлэх асуудлыг хөгжлийн хөшүүрэг хэмээн үзэж ямагт онцлон анхаарч ирлээ. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн байгууламжаа өөрчлөн шинэчлэх үйл явцын хүрээнд Удирдлагын хөгжлийн хөтөлбөр, “Сайн засаглал”, “Төрийн албаны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр” болон “Улсын салбарын шинэ удирдлага”-ын үзэл санааг дэс дараатай хэрэгжүүлсэн нь ардчилсан засаглалыг төлөвшүүлж, шинэ засаг захиргаа бүрэлдэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс Оюутолгой, Тавантолгой зэрэг байгалийн баялгаа ашиглан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах боломжийг хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын гараан дээр байна. Эдийн засагт бий болж буй энэ боломжийг улс орны хөгжил, хүн ардын сайн сайхан амьдралын бодит хүчин зүйл болгож, Монголын ард түмэнд өгөх үр өгөөжийг нь дээшлүүлэхэд хариуцлагатай, шударга, ил тод ажилладаг ардчилсан засаглал нэн чухал гэдгийг бид сайтар ойлгодог. Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр багагүй амжилт олж, ахиц дэвшилд хүрч байна. Гэхдээ нийгмийн хөгжлийн эрчимтэй өөрчлөлт, даяаршлын үйл явц засаглалыг илүү үр өгөөжтэй, хариуцлагатай болгон төлөвшүүлэхийг шаардаж байгаа бөгөөд, шийдлээ олох цөөн биш сорилт бэрхшээлүүд бий” гэдгийг ч санууллаа.

Тус хуралд гадаадын 10 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцож байна. Тэдгээрээс АНУ-ын Хавайн их сургуулийн дэд захирал Рид Дазенброк, Герман улсын Потсдамын их сургуулийн дэд захирал Дитер Вагнер нар үг хэлнэ. Мөн Потсдамын их сургуулийн профессор Кристоф Рейхард “Төрийн засаглал-олон улсын туршлага, хандлага” сэдвээр, Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар “Америкийн ардчиллын таван сорилт, Монголын төлөвшиж буй ардчилал дахь тэдгээрийн тусгал” сэдвээр тус бүр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж