Японы мэргэжлийн сумо бөхийн намрын башёгийн 10 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Энэ өдөр Монголын сүмочдоос Асасэкирюү /5-5/ түрүүлж дэвжээнд гарч учраагаа төвөггүй давсан. Шотэнро /5-5/ мөн даваагаа нэгээр ахиулсан байна. Харин Тамаваши /4-6/, Кёкүтэнхо /7-3/ нар өвдөг шорооджээ. Кёкүтэнхогийн хувьд үлдэж байгаа таван өдрийн барилдаанаас нэг л даваа авахад тавин хувийн амжилтаа үзүүлж чансаа өгсөх боломжтой болно. Хоёр ч башё дараалан сэкивакэ цолтой барилдсан Какүрюү /5-5/ даваагаа ахиулсан бол ёкозуна цол горилж байсан Харумафүжи /6-4/ дөнгөж зургаа давж байна. Түүний хувьд ойрын хоёр башёд сүмогийн дээд цолны тухай ярилтгүй болж, аварга цолны мөрөөдөл салхинд хийслээ. Харин ёкозуна Хакухо /10-0/ нутаг нэгт Токитэнкүгээр /4-6/ давснаар ганцаараа нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.
“Спортын шуудан”