МҮОНТ-ийг хууль зөрчсөн гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

МҮОНТ-ийг хууль зөрчсөн гэж үзлээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг нар МҮОНТ-ийн захирал М.Наранбаатарын нэр дээр өнөөдөр хүсэлт илгээсэн байна.

Хүсэлтийн утгаас дурдвал УИХ-ын нэр бүхий  гишүүд Оюутолгойн ордыг ашиглах  хөрөнгө  оруулалтын  гэрээг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолд нийцүүлэх ёстой гэсэн утгатай  албан шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод есдүгээр сарын  6-ны өдрийн 16.00 цагт  өргөн  барьжээ. 

Уг уулзалтын  дараа гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл  хийсэн  боловч МҮОНТ тэр өдөр тодорхой бус шалтгаанаар нэвтрүүлээгүй аж. Дараагийн өдөр гишүүд хүсэлт гаргаж байж уг мэдээллийг олон нийтэд цацсан гэж ойлгож буйгаа эрхэм гишүүд дурдсан байна. Олон  нийтийн радио, телевиз нь хэрэглэгчдийн хураамж, улсын төсвөөс санхүүждэг ганц телевиз. Иймд МҮОНТ-ийн дээрх үйл ажиллагаа нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн  4.1-ийн “Олон  нийтийн  радио, телевиз үйл  ажиллагаандаа хараат бус байх, бодит  мэдээлэл  олж  авах иргэний  эрхийг  хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж,  байгууллага, албан тушаалтан, хувь хүн,  улс  төрийн намын эрх ашгийг бус  нийт  үндэсний эрх ашгийг  дээдлэх үндсэн  зарчмыг  баримтална”, 9.1-ийн “Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан, . . . нэг талыг  баримтлаагүй,  сэтгүүлчийн ёс зүйн  зарчмыг баримталсан,  шуурхай  байна” гэсэн  заалтуудтай нийцэхгүй байгаад харамсч буйгаа гишүүд хүсэлтдээ илэрхийлжээ. Сүүлийн үед хөндлөнгийн байгууллагаас хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарын зарим байгууллагууд суртачилгааны орлогод хүлэгдэж Засгийн газар болон гадаадын том хөрөнгө оруулагчдад үйлчлэх болсон гэсэн мэдээлэл гарах болсон тул дээрх байдалд анхаарлаа хандуулж, холбогдох хууль, тогтоомжийг үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг нар МҮОНТ-ийн захирлаас хүссэн байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж