Д.Отгонцэцэг: Медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг: Медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан

Д.Отгонцэцэг: Туркийн дэвжээ монголчуудад ээлтэй болохоор
медаль авахдаа итгэлтэй байсан

Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ээс бүсгүйчүүд маань хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байр эзлэн Монголын спортын түүхэнд өмнө нь байгаагүй түүхэн амжилт үзүүлсэн билээ. Энэ ялалтын түүчээний эхлэлийг Ц.Баярсайханы шавь олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг тавьсныг спорт сонирхогчид санаж байгаа биз. Булган сүүлтэй байсан залуу тамирчинтай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлийг хуваалцана уу?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Стамбулын дэвжээ Монголын тамирчдад байнга ээлтэй байдаг болохоор медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан. Монголчууд энэ удаагийн тэмцээнээс олон медальтай ирлээ. Маш сайхан байна.

-Барилдааныхаа талаар ярих уу. Ялангуяа тэр бараг аваад алддаг алтан медалийн тухай. Мөн өрсөлдөгч нар хэр байв?

-Тэр үү. Би бол өөрийнхөө авсан медалийг алтын дайтай мөнгө гэж боддог. ДАШТ-д оролцсон бүх л өрсөлдөгч жигд байсан. Мэдээж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учраас өрсөлдөөн ихтэй байлаа. Оросын тамирчны хувьд шүүгч тэдний талд байлаа гэж хэлмээр байна. Хэрвээ үнэхээр Оросын тамирчинд оноо өгөх байсан юм бол намайг суунгуут л оноогоо заах ёстой. Гэтэл дэвжээний шүүгч барилдаан маргаантай болсны дараа Оросын бөхөд нэг оноо заасан. Ямар ч байсан алт шиг мөнгөн медаль авсан учраас сэтгэл хангалуун байна.

-Шүүлтэд хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Аваргын төлөөх барилдааны шүүлтэд л жаахан сэтгэл дундуур байгаа. Түүнээс биш шүүгчдэд гомдоод байсан зүйл байхгүй.

-Медалиа гардаж байх мөчид тамирчдын сэтгэл маш их догдолдог шүү дээ. Таны хувьд тэр мөчид юу бодож байв?

-Алтан медаль авсан бол ингээд төрийн дууллаа сонсоод л зогсч байх байж дээ гэж бага зэрэг харамссан.

-Ямар ч байсан дэлхийн аваргаас медаль авлаа. Одоо ямар зорилготой байна вэ?

-Мөнгөн медалиа алт болгохын төлөө барилдана. Мөн олимпийн эрхээ авч байгаад олимпоос медаль авахын төлөө хичээнэ.

-Олимп гэснээс эрх олгох тэмцээнд зодоглоно биз?

-Тэгэлгүй яах вэ. Одоо бэлтгэлээ сайн хийж байгаад олимпийн эрх олгох тэмцээнүүдэд барилдана.

-Өмнөх дэлхийн аваргуудад бас азгүйтэж медалиас мултарч байсан байх аа?

-Насанд хүрэгчдийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцож байна. Дөрөв дэх тэмцээнээсээ медаль авлаа. Харин залуучуудаас дэлхийн аваргын хошой хүрэл медальтай. Өмнө нь тийм ч сайн барилдаж чаддаггүй байсан. Яагаад ч юм биеэ бариад л. Нэг, хоёрдугаар тойрогт л ялагдал хүлээдэг байлаа. Бэлтгэл сургуулилт ч санасан хэмжээнд хүрдэггүй байсан. Харин энэ удаа өөртөө итгэлтэй байж медаль хүртлээ.

-Туркийн дэвжээ манайханд ээлтэй гэж ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Монголын тамирчдад маш ээлтэй байдаг. Ер нь эндээс медальгүй ирж байсан тохиолдол бараг байхгүй. Чөлөөт бөхийн алтан үеийнхнээс эхлээд бүгд энэ дэвжээнд тодорхой хэмжээний амжилт гаргасан. Ганц дэлхийн аварга ч биш. Өмнө нь янз бүрийн олон улсын тэмцээнээс медаль хүртэж байлаа. Энэ удаа бүр багаараа гуравдугаар байрт шалгарсан шүү дээ.

-Гадны улсын дэвжээнд амжилт гаргах нэг үндэс нь хөгжөөн дэмжигчид байдаг. Стамбулд хэр олон дэмжигчтэй байсан бэ?

-Нэлээд олон байсан шүү. Энд тэндгүй л Монголын далбаа барьсан хүмүүс уухайлаад  их гоё байсан.

-Монголчуудын медалийг хагалсан гэж бодохоор сэтгэл их өег байгаа биз?

-Тийм ээ. Хойноосоо мөнгө, хүрэл медаль дагуулж булган сүүлтэй байсан. Уг нь алт, мөнгө, хүрэл медальтай ирсэн бол илүү гоё байх байлаа.

-Олимпийн жинд барилдаад медаль авсан бол… гэх бодол төрсөн үү?

-Үгүй ээ. Анхнаасаа улсын аваргад 51 кг-д барилдсан болохоор тийм бодол төрсөнгүй. Гэхдээ цаашдаа 48 кг-д барилдахаар ярилцаж байгаа. Буриадад болсон олон улсын тэмцээнд 48 кг-д барилдаж түрүүлсэн болохоор энэ жинд өрсөлдөх боломжтой л доо.

-Бүсгүй хүн бөхийн спортоор хичээллэх хэцүү л дээ. Бэлтгэлийн үед шантраад спортоо орхих юмсан гэх бодол байсан биз?

-Огт тийм бодол төрж байгаагүй. Яагаад гэвэл би өөрөө дуртайдаа энэ спортыг сонгож хичээллэсэн шүү дээ.

-Тийм үү. Хэдэн онд вэ?

-2004 онд анх Ц.Баярсайхан багшдаа шавиар очсоноос хойш өнөөг хүртэл цуг байна даа.

-Зарим үед өөр дасгалжуулагчтай тэмцээнд оролцох тохиолдол гардаг. Энэ үед дасгалжуулагчийн арга барил зөрөх тохиолдол хэр гардаг вэ?

-Өөрийнхөө дасгалжуулагчгүй тэмцээнд оролцох эвгүй байдаг. Дэвжээн дээр дасгалжуулагчтайгаа гарч, багшийнхаа үгийг сонссоор байгаад сурсан байна лээ. Дасгалжуулагч бүр өөрсдийн арга барилтай болохоор тэр бүхэнд тааруулна гэдэг хэцүү.

-Бэлтгэлийн ачаалал хэр байдаг вэ?

-Тэмцээн эхлэхийн өмнө бэлтгэлээ хөнгөрүүлдэг. Тэмцээнгүй үед бол янз бүр байдаг. Багшийнхаа хэлснээр л байдаг.

-Шигшээ багт анх хэдэн онд орсон бэ. Анх ороход ямар байв?

-2008 онд шигшээ багт орсон. Шигшээ багийн тамирчин гэж дуудуулаад явах маш гоё санагдсан. Өмнө нь нэг клубын л нэр дээр барилддаг байсан бол одоо улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байна шүү дээ. Ингэж бодохоор их гоё байдаг юм.

-Чөлөөтөөс өөр спорт сонирхдог уу?

-Үгүй ээ. Өөр зүйлд анхаарал хандуулалгүй чөлөөтийнхөө бэлтгэлд л анхаарлаа хандуулдаг.

-Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье. Ялангуяа энэ амжилт бол багшийн маань олон жилийн хөлс хөдөлмөрийн гарч байгаа учраас дасгалжуулагчдаа баярлалаа гэж хэлье. Аав, ээж найз нөхөд, үндэсний шигшээ баг, БТСГ, Спортын анагаах ухааны алба, Дархан-Уул аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн Б.Хаянхярваа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гантулга, мэдээж чөлөөт бөхийн холбооныхоо хамт олон, багийнхандаа баярлалаа гэдгээ хэлье. Та бүхний итгэлийг алдалгүй улам их хичээж, олон амжилт гаргана.

Аваргын төлөөх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж