Туркийн төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Туркийн төлөөлөгчид айлчилж байна

УИХ-ын Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өчигдөр Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Садэттин Калканыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газар өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал хамтын ажиллагаагаа жинхэнэ бодит үр дүнд хүргэх зорилготой болохыг Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Садэттин Калкан уулзалтын эхэнд онцлов.

УИХ-ын Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Туркийн хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлан ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр орны Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг бодит үр дүнд хүргэхийн чухлыг цохон тэмдэглэлээ.

УИХ-ын Тамгын газар өнгөрсөн хугацаанд техникийн шинэчлэлийн ажлуудыг хийж байгаа бөгөөд ‘’Архиваа электрон болгосон, УИХ-ын Тамгын газрын дэргэд Теле студи байгуулсан, интернетийн хурдыг сайжруулан ‘’Ipad service’’ сүлжээг нэвтрүүлсэн зэрэг ажлуудыг Туркийн төлөөлөгчдөд танилцуулав. УИХ-ын номын санд 1930 оноос өнөөг хүртэлх сонин хэвлэлүүд хадгалагдаж байдаг аж. Тиймээс УИХ-ын номын сангийн нөхцөл байдлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Их хурлын Тамгын газрынхны хувьд Турк улсад айлчилж байхдаа, Үндэсний Их Хурлын Тамгын Газрын номын сантай танилцаад тухайн улсын туршлагаас судлан номын сангаа хөгжүүлэх, шинэчлэл хийх асуудлыг  бодит ажил болгохоор зорьсон. Иймээс УИХ-ын үйл ажиллагаанд асар чухал үүрэгтэй номын санг энэ удаад цахим хэлбэрт шилжүүлэн техникийн шинэчлэл хийж үр дүнд хүргэхэд Турк улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.  

Туркийн хүндэт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Үндэсний Их Хурлын Тамгын газрын техникийн мэргэжилтнүүд ирсэн бөгөөд тэд УИХ-ын Тамгын Газрын Номын сан, хэвлэлийн цехийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж