- Олон улсын бөхийн холбоо аливаа тэмцээний дүнг гаргахдаа эзэлсэн байрт нь харгалзуулж оноо өгдөг. Түрүүлсэн бөхөд 10, мөнгөн медальтанд ес, хүрэл медальтнуудад тус бүр найм…аравдугаар байрт орвол нэг оноо гэх мэтээр. Тэр ёсоор Монголын эмэгтэй баг 32 оноо авч гуравдугаарт шалгарсан билээ. Дахиад нэг оноо нэмж авсан бол Канадтай оноо тэнцэн медалийн чанараар мөнгөн цом өргөх байв. Гэхдээ 62 орны дундаас гуравдугаар байр эзэлнэ гэдэг бол Монголын спортын түүхэн амжилт юм. Үүнээс өмнө нь 1998 онд Монголын спорт гар бууны эмэгтэйчүүдийн баг (Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун нарын бүрэлдэхүүнтэй) ДАШТ-ий хүрэл медаль зүүсэн түүх бий.
- Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-д нилээн хэдэн удаа IV байрт шалгарсан удаатай. Үүнээс 1975 оныхыг III байр байсан мэтээр ташаарах явдал дуулдлаа. Тухайн үед эхний зургаан байраар шагналын оноо өгдөг байж. Манай З.Ойдов, Х.Баянмөнх нар түрүүлж тус бүр зургаа, Ц.Нацагдорж мөнгөн медаль хүртэн тав, М.Хойлогдорж V байр эзлэн хоёр оноо авч, нийтдээ 19 оноогоор ЗХУ, Болгар, Японы дараагаар дөрөвдүгээр орсон нь түүхэн баримт. Японы баг 20 оноо цуглуулсан юм билээ. Харин медалийн чанараар тооцвол япончууд хоёр алт, нэг хүрэлтэй тул манайхаас арай дутуу. Гэхдээ Олон улсын бөхийн холбоо багийн дүнг оноогоор гаргадаг журамтай.
- Оросууд тус ДАШТ-д муу оролцсон нь хамгийн том дуулиан байв. Лондоны олимпийн эрх 12-ыг хүртсэн ч сонгомол болон эмэгтэй бөхөөр тус бүр ганц аварга, чөлөөт бөхөөр ердөө хоёр аваргатай буцлаа. Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев нь холбооныхоо ерөнхийлөгч Михаил Мамиашвилитэй ам мурийснаас Стамбулд очоогүй аж. Улмаар багийн дотоод уур амьсгал хямарснаас тэр үү, гарцаагүй аваргалах тааварт багтсан Хажимурад Гацалов, Билял Махов, Денис Царгуш нар азгүйтсэн. Уул нь Ж.Тедеев чөлөөтийн жин бүрт олимпийн эрх авч, 3-4 алт зүүхээр амласан байжээ.
- Оросууд эмэгтэй бөхөөр аварга болсон тамирчиндаа урьдчилаад 100 мянган ногооны шагнал амлаад байлаа. 2002 онд А.Карташова түрүүлснээс хойш хойд хөршийнхөн маань “шингэн дуутай” аварга төрүүлээгүй өнөөг хүргэж. Тэрхүү мөнгөн шагналыг манай Д.Отгонцэцэгийг тэнцүүхэн байдлаас ялсан 51 кг-ийн дагестан бүсгүй Замира Рахманова хүртлээ. Оросууд эмэгтэй бөхчүүддээ сард 100 мянган рублийн (3200 ам.доллар) цалин өгдөг гэнэ лээ.
- ДАШТ-ээс сонгомол, чөлөөт, эмэгтэй бөхийн төрлөөр нийтдээ олимпийн 108 эрх эзэндээ очлоо. Үүнээс хамгийн олныг Оросын бөхчүүд (12) хамж, Казахстан, АНУ тус бүр есөн эрхээр удаалжээ. Иран, Азербайжан тус бүр долоог, Беларусь зургаан эрх авсан бол Турк, Болгар, Япон, Гүржийн баг таван эрхтэйгээр нутаг буцжээ. Стамбулаас Лондоны олимпийн эрхийг 32 орны бөхчүүд хүртсэний дунд Монгол улс хоёр эрхтэйгээр багтаж байна.
- Азербайжаны “Yeni Heyat” компани Стамбулын дэвжээнд аварга болсон азери бөх бүрийг “Toyota Prado” автомашинаар урамшуулахаа амлаад байв. Энэхүү том шагналыг сонгомол барилдааны хамгийн хөнгөн жинд Ровшан Байрамов, чөлөөт бөхийн 84 кг-д Шариф Шарифов нар хүртэх эрхтэй болжээ.
- Азербайжаны бөхчүүд ДАШТ-ээс найман медаль зүүж, олимпийн долоон эрх биелүүлсэн ч “тааруу оролцлоо” гэх дүгнэлтийг бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Намик Алиев нь хэлсэн байна. Түүний ярианаас үзэхэд ноднингийн дэлхийн аварга Хетаг Газюмов хүнд гэмтлээ бүрэн эдгээлгүй барилдаж азгүйтсэн бол 120 кг-ийн Жамаладдин Магомедовын амжилтыг хоёр аваргаас дутуугүй үнэлэх аж. Ердөө 104 кг жинтэй тэр бөх хүнд жинд хүрэл медаль зүүсэн билээ.
- Дэлхийд наймдахь удаагаа түрүүлсэн Хитоми Сакамото-Обара өрсөлдөгчөө өндрөөр үнэлжээ. “Мария сайн бөх, хаана ч ямар ч тэмцээнд аваргын төлөө тэмцэж чаддаг. Түүнийг ялсандаа баяртай байна” хэмээн өгүүлэв. Түүнтэй аваргын төлөө хүч үзээд бараагүй Мария Стадник 2009 онд дэлхийн аварга болж, дараа жил нь хүүхэд төрүүлсний улмаас ДАШТ-ийг өнжсөн юм.
- Пуэрто-Рико улс бөхийн төрлийн ДАШТ-ээс анхны медалиа хүртжээ. 60 кг-ийн жинд олон эвгүй учрааг гайтуулж финалд гарч ирсэн Франклин Гомес АНУ-д амьдарч Мичиганы их сургуульд бөхөөр хичээллэж яваа гэнэ. Тэр ч байтугай Их сургуулиудын аваргаар хоёронтаа тодорч, энэ оны Пан-Америкийн АШТ-д түрүүлжээ. Түүний нэг секцний анд Ник Симмонс нь 55 кг-д АНУ-аа төлөөлөн барилдаж олимпийн эрхээ авсан юм.
- ДАШТ-ий үеэр Олон улсын бөхийн холбооны Алдрын танхимд шинээр элсүүлэх гишүүдийн нэрийг зарлав. Үүнд дэвжээний эзэд олноор багтсан нь 1956 оны олимпийн аварга, олимпийн гурван медальт Хамит Каплан, дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпийн хоёр медальт Хусейн Акбаш (чөлөөт бөх), 1960 оны олимпийн аварга Тевфик Киш (сонгомол бөх) нар. Мөн Иранаас чөлөөт бөхийн 48 кг-д дэлхийд түрүүлсэн Ибрахим Жавади, бөхийн зүтгэлтэн Мохамед Тавакол, АНУ-аас дэлхийн дөрвөн удаагийн аварга Тришиа Саундерс (эмэгтэй), Зөвлөлт-Армений ахмад шүүгч Степан Казарян нар багтлаа.
- ДАШТ-ий үеэр сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг тааруухан хангасан тухай АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн шүүмжилжээ. Тэмцээний тавдахь өдөр гэхэд сэтгүүлчдийн суудаг индэрт интернет тасарсан гэнэ. Сонин хэвлэл, телевизийнхэнд энэ нь тийм ч том асуудал биш. Харин онлайн дамжуулж байсан вэбсайтынханд хүндээр тусчээ.
- Тэмцээний үеэр орон нутгийн томоохон сонинууд ДАШТ-д зориулсан тусгай нүүр гаргаж байв. Турк оронд бөхийн спортыг өндөр хэмжээнд үнэлдгийг үүгээр жишээлж болох. Дашрамд дурдахад Стамбул хот чөлөөт бөхийн ДАШТ-ийг дөрөвдэх удаагаа хүлээн авлаа. Урьд нь 1957, 1974, 1994 онд зохион байгуулжээ.
- Сонгомлын 74 кг-д 21 нас ч хүрээгүй орос хүү түрүүлэв. Эцэггүй өссөн Роман Власов зургаан настайгаасаа Новосибирскийн бөхийн клубт хичээллэжээ. Энэ клубээс домогт Александр Карелин төрөн гарснаар үл барам Карелиний багш Виктор Кузнецов ч залуу хүчтэнд бөхийн эрдэм зааж сургадаг юм. Олимпийн гурав, дэлхийн есөн удаагийн аварга Александр Карелин зөвхөн Власовын барилдааныг дэмжихээр Стамбулд хүрэлцэн очжээ.
1. Чөлөөт бөхийнхний Лондон-2012 олимпийн эрхээ авах эхний боломж нь Туркийн Стамбулд болсон ДАШТ байв. Эндээс медалийн төлөө өрсөлдөж, жин бүрийн эхний зургаад багтсан хүмүүс од шүүрлээ. Тэдний дунд Монголын хоёр хүчтэн (эмэгтэйчүүдийн 63 кг-д О.Насанбурмаа, эрэгтэйчүүдийн 120 кг-д Ж.Чулуунбат) байгаа нь олзуурхууштай. Цаашид манай бөхчүүд олимпийн эрхээ нэмэгдүүлэх ямар боломж буйг сонирхоцгооё.
2. Дараагийн тэмцээн бол 2012 оны гурав, дөрөвдүгээр сард болох олимпийн эрх олгох тивүүдийн сорилго. Тэнд жин бүртээ эхний хоёр байрт шалгарваас Лондоны визээ авна. Ази тивийнхэн Казахстаны Алматыд (III.28-IV.1) чуулах бөгөөд өмнөх шатнаас эрхээ биелүүлсэн орнууд тухайн жиндээ дараагийн тэмцээнүүдэд барилдахгүй аж. Европ, Америк тивийнхэн мөн ийм тэмцээнтэй бол Австрали-Африк тивийнхэн дундаа жин бүрийн хоёр эрхийн төлөө тэмцэлдэнэ.
3. Дэлхийн эхний сорилго 2012 оны дөрөвдүгээр сарын БНХАУ-ын Тайюань хотноо болж чөлөөт болон сонгомол бөхөөр жин бүрийн эхний гурав, эмэгтэй чөлөөт бөхөөр эхний хоёр байрт шалгарсан тохиолдолд олимпийн эрх олгоно.
4. Дэлхийн хэмжээний сүүлчийн сорилго тэмцээн 2012 оны тавдугаар сарын 2-6-нд Финландын Хельсинкид болж жин бүрийн аваргын төлөө хүч үзсэн хоёр бөхөд олимпийн од гүйх нь. Ингэснээр Лондон-2012-т барилдах бөхчүүд бүрэн тодрох юм.