Хятад “хар шорон”-гийнхоо төрхийг хувиргана

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Хятад “хар шорон”-гийнхоо төрхийг хувиргана

Хятадын Эрүүгийн хуулинд өөрч­лөлт оруулан ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэргийн сэжигтнүүдийг за­рим нууц хориход хагас жил хүртэл саатуулахыг хуульчлахаар болж бай­на. Өмнө нь сэжигтнүүдийн нууц хориход ийм хугацаагаар хорь­дог байсан. Гэхдээ үүнийг хууль­чилснаар эрх баригчидад улам чөлөө­тэй хөдлөх боломжтой боллоо гэж Хятадын болон Барууны хүний эрхийн төлөө тэмцэгчид түгшиж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр өргөн барьсан багц өөрч­лөлтийг энэ сарын сүүлч гэхэд Хя­тадын парламент авч хэлэлцэх аж. Улс орны үндэсний аюулгүй байдалд хамаарах мөн терроризм болон ихээ­хэн хэмжээний авлигын хэрэгт хол­богдсон  хүмүүст гэрийн хорио мэтийн уламжлалт таслан хорих арга хэмжээ авч байгаа нь мөрдөн байцаалтад ноцтой нөлөөлнө гэж хуулийн төслийг өргөн баригчид үзжээ. Шүүхийн үйл ажиллагаанд саад гаргуулахгүйн үүднээс одоо сэжигтэн гэмт хэрэгтнүүдийг нууц хорихуудад тусгаарлахаар болж байна. Нэмэлт өөрчлөлтийн дагуу баривчлагдсан хүмүүсийн хамаатан саданд баривлагдсанаас нь хойш 24 цагийн дотор хоригдох болсон шалтгааны тухай мэдээллийг өгнө. Гэхдээ мөрдөн байцаалтад саад болохгүй гэх ийм мэдээллийг өгөх бололтой.

Үнэн хэрэгтээ шүүх, мөрдөн байцаалтгүйгээр сэжигтнүүдийг (гол төлөв тэрслүү үзэлтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг) хэдэн сараар баривчилдаг “хар шоронгууд” нэртэй төвүүд Хятадад байдаг. Хүний эрхийн Human Rights Watch байгууллагын мэдээгээр тэр хорих төвүүд нь улсын зочид буудлууд, ахмадуудын эсвэл сэтгэл мэдрэлийн байрнуудад байдаг ажээ. Нэмэлт өөрчлөлт оруулснаар уг төвүүдийг албан ёсны болгох гэж байна гэдэгт Америкийн төрийн бус Project 2049 Institute гэх байгууллагын Хятадын асуудал хариуцсан  мэргэжилтэн Кэлли Кьюрри итгэлтэй байна. “Тус орны хуулинд  харш энэ зүйлийг Хятад эртнээс хийж ирсэн. Нэмэлт өөрчлөлт нь хэлмэгдүүлэлт явуулах хууль эрх зүйн хүрээг бий болгож, хүний эрхийн үндсэн стандартыг зөр­чих боломж олгоно” гэж хатагтай Келли  Diplomat гэх интернэт сүл­жээнд ярилцлага өгөхдөө тэмдэг­лэжээ.

Энэ жилийн хоёрдугаар сард “Мэлрэг цэцгийн хувьсгал” хийх уриа сүлжээгээр гарсны дараа тэрслүү үзэлтнүүдийг хорих нь улам нэмэгдсэн гэдэг. Үүнийг гэрчлэх гол үйлдэл нь тэрслүү үзэлтэн, дэлхийд нэртэй зураач Ай Вэйвэйг эдийн засгийн гэмт хэрэгт буруутган (барьснаас нь долоо хоногийн дараа энэ ялыг тулгасан юм) Бээжингийн захын хорооллын нэг нууц төвд 81 хоног саатуулсан явдал болов. Ийнхүү хоригдсон талаараа тэрээр Америкийн “Newsweek” сэтгүүлд ярьжээ.

Өнгөрсөн лхагва гаригт бас нэг ийм “хар шоронд” хоёр сар суугаад гарсан Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Зян Тяньюнийн ярилцлагаас Гонконгийн нэр хүндтэй “South China Morning Post” сонин  хэсэгчлэн нийтэлсэн. Хоёр шөнийн турш харуулынхан  түүнийг харгисаар зодож, дараа нь өдөрт 15 цагийн турш хөдөлгөөнгүйгээр суулгаж байсан гэж Зян ярьснаас сонин иш татсан байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Шихуэйг цагдаагийнхан хоёрдугаар сарын 25-нд гэрээс нь барин хориод зургадугаар сарын дундуур сулласан. Түүнийг унтуулахгүйгээр тав хоногийн турш тасралтгүй байцаажээ. Лю тамирдан унасны дараа л байцаалтыг зогсоосон гэнэ. Үл мэдэгдэх төвд хоригдож байснаа тэрээр саяхан Twitter-т өгүүлсэн байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Яо Лифа нэг сарын турш Хэбей мужийн хамтралд хоригджээ. Энэ үеэр тэр 10 кг турж, зугтах гэж оролдохдоо нуруугаа ноцтойгоор гэмтээсэн юм. Биеийн байдал нь эрс муудсанаас түүнийг гэрт нь чөлөөлөн гаргасан. “Ардчилсан шинэчлэлийн харти” гэх тунхагт 2008 оны сүүлчээр гарын үсгээ зурсан учир эрх баригчид ийнхүү өшөө авсан гэдэгт Яо Лифа ба түүний нөхөд эргэлзэхгүй байна.

Ай Вэйвэй, Лю Шихуэй, Яо Лифа ба Зян Тяньюнь нартай тохиолдсон энэ хэрэг нь зөвхөн мөсөн уулын үзэгдэх хэсэг гэж Хятад болон Барууны хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Тэд хэдийгээр чөлөөлөгдсөн дипломатууд, хүний эрхийн байгууллага болон хэвлэлийнхэнтэй харилцахыг нь хориглосон. Үүнийг цөөн тооны хэдэн эр зоригтнууд л зөвшөөрдөггүй. Иргэдийн барин саатуулах практикийг хуульчлах нь эрх баригчдын  үйлдлийг чөлөөтэй болгоно гэсэн түгшүүр байгаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж