ОУВС-гийн захиран зарцуулагч захирал асан Доминик Стросс-Кан тавдугаар сарын 14-нд буудлын үйлчлэгч Нафиссата Диалог хүчиндэх гэсэн хэргийн сэжигтнээр Нью-Йоркт баривчлагдсан байгаад наймдугаар сарын 22-нд хэрэг нь хаагдан чөлөөлөгдсөнөөсөө хойш энэ ням гаригт анхны ярилцлагаа хэвлэлд өгчээ. Түүний хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш TF1 телевизид өгсөн энэ ярилцлагадаа тэрээр Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэлжээ.
“Тийм ээ, би нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байлаа. ОУВС дахь миний ажил нь даяарчлал дахь Францын чадвар ба ээдрээний байдлыг шинээр харах боломжийг өглөө гэж би үзсэн юм. Гэтэл энэ бүгд өнгөрч, би нэр дэвшигч биш гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ би зүүний хүчнийхний ялалт манай оронд шаардлагатай гэж үзсээр байгаа” хэмээн Стросс-Кан мэдэгдлээ.
Францын Социалист намын түүхэн лидерүүдийн нэг, Сангийн сайд асан, нэртэй эдийн засагч өнгөрсөн тавдугаар сарын олон нийтийн санал асуулгаар өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркозийг сонгуулийн эхний шатанд ялах боломжтой гэсэн дүн гарч байлаа. Гэтэл хүчингийн хэргийн дуулианд холбогдсоноор байдал өөрөөр эргэв. Долдугаар сарын олон нийтийн санал асуулгаар францчуудын гуравны хоёр нь Стросс-Каныг төрийн тэргүүн болгох хүсэлгүй болсныг харуулжээ. Цааш нь Францын иргэд дунд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсвэл хэн нэгнийг дэмжээд ч мэдэгдэхүйц үүрэгтэй байна гэдэгт эргэлзсэн санаа нь яг таг тогтсон байв. Мөн шинэ засаглалд сайд болгохыг ч хүсэхгүй байна гэсэн аж. Улс төрийн ирээдүйнхээ талаар тэрээр шууд хариулт өгөлгүй “Харж л байя” гэсэн хариултыг өгсөн байв.
Стросс-Каны ярилцлагыг улстөрийн хүрээнд даруухан дэмжлэгтэйгээр хүлээн авав. Социалист депутат Жан-Мари Ле Гуен сэтгүүлчдэд “ОУВС-гийн тэргүүн асан догдолсон, үнэнийг хэлж байгаа харагдлаа” гэжээ. Гэхдээ одоо Социалист намынхан хамтран зүтгэгчээсээ зай барихаар хичээж байгааг хэвлэлүүд өгүүлж байна.
Диалотай холбогдсоныгоо тэрбээр “ёс суртахууны алдаа”, “түүний төлөө бахархах зүйлгүй”, “харамсаад баршгүй” гэж хэлсэн байна. Болсон хэрэг явдалд “хүчирхийлэл, шахан шаардалт, хууль бус ямар ч үйлдэл байгаагүй” гэж тэрээр хэлсэн байна. Нью-Йоркт болсон хэрэг явдлын талаар ярихдаа тэрээр нэг биш удаа үг алдан “мөнгө хөлсний агуулга байгаагүй”, “байж боломгүй” гээд “Би хатуухан төлбөрт уналаа, одоо ч төлбөрөө төлсөөр явна” гэж нэмж хэлжээ.
Санхүүч үргэлж эмэгтэйчүүдийг хүндэлж ирсэн, “тэдний араншинг ойлгож байна” хэмээн хэлсэн байв. Ярилцлага өгч байсан энэ үеэр эмэгтэйчүүдийн хөдөлгөөний хэдэн арван идэвхтнүүд TF1 телевизийн төв байрны өмнө эсэргүүцэл явуулжээ. Гэхдээ Стросс-Кан телевиз үзэгчдээр өрөвдүүлэх гэсэнгүй асуудалд цөөн үгээр хатуухан хариулт өгч байв. Sofitel буудлын үйлчлэгчтэй дэр нийлснээ дэлгэрэнгүй ярихаас тэрээр татгалзав.
Стросс-Кан бас бусад холбогдсон байгаа хэргийнхээ талаар хариулт өгөхөд хүрэв. Сэтгүүлч эмэгтэй Тристан Банон гомдол гарган Стросс-Кан түүнийг 2003 онд хүчиндсэн, тэр үед улстөрчтэй унтсан байсан эхийнхээ шахалтаар энэ талаар чимээгүй өнгөрсөн гэж мэдэгдсэн. Строос-Кан хүчин хийсэн гэдгийг эрс үгүйсгэжээ. Тэдний хооронд юу ч байгаагүй гэж тэрээр хэлээд ямар нэг юм байсан гэж байгаа бол тэр нь үйл явдлыг гуйвуулсан Баноны “худал, хийсвэр сэтгэлгээ” хэмээн мэдэгдсэн байна.
Стросс-Кан түүнтэй Нью-Йоркт тохиолдсон хэргийг зохиомол урхи байсан байж болохыг үгүйсгэсэнгүй. “Намайг буруутгасан хүнд засаг захиргаа туслан, яагаад надтай хамтран ажиллахаас татгалзсаныг би мэдмээр байна” гэж тэрээр хэлжээ. Дуулианы эхэнд социалистуудыг дэмждэг францчуудын олон нийтийн санал бодол нэртэй улстөрчийг түүний эсрэг талынхан зохион байгуулалттайгаар урхидсан гэдэгт итгэхээр байлаа. Харин одоо ихэнх нь тэгж итгэхээ болжээ.
"Ардын эрх" сонин