Элчин сайд А.Ундраа ”Рио Тинто”-д ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Элчин сайд А.Ундраа ”Рио Тинто”-д ажиллана

Цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа өөрийн хүсэлтээр ажил үүргээсээ чөлөөлөгдөж байгаагаа мэдэгджээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.


-Та яагаад ажлаа хүлээлгэн өгөх болов?

-Миний хувьд өөр ажилд томилогдож байгаа учраас ажлаа хүлээлгэн өгч байна.

-Өөр ажил гэдгээ тодруулахгүй юу. Ямар ажил, албан тушаалд очиж байгаа юм бэ?

-Тэрийг тодорхой болсны дараа хэлэх нь зүйтэй болов уу. Мөн надад “Рио Тинто” компанийн зүгээс ажлын санал ирээд байсан юм. Энэ ажлын талаар бодож байж шийдвэр гаргая гэсэн хариу өгөөд байсан. Одоо бол шийдвэрээ гаргаад, санал болгосон ажлыг хүлээж авч байгаагаа мэдэгдсэн. Энэ нь орон тооны бус зөвлөхийн ажил, ажлынхаа хажуугаар хийх юм.

-Цөмийн энергийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайдаасаа татгалзахад өөр хүчин зүйл нөлөөлсөн юм биш үү. Тухайлбал, таныг цөмийн хаягдлыг Монголд булшлах хэлэлцээрийг гадаадад хийсэн гэсэн хэл ам гараад байна. Энэ хардлага ортой болоод ажлаа өгөхөд хүрсэн гэх таамаг байна?

-Цаг хугацааны хувьд л ингэж таарлаа. Ажлаа өгөхөд энэ асуудал нөлөөлөөгүй юм. Хаягдал булшлах тухай яриа хэлэлцээр хийгдээгүй. Ерөнхийлөгчийн зүгээс маш тодорхой хэлсэн байгаа.

-Ажил, үүрэгтэй чинь холбоотойгоор дээрээс анхааруулга, сануулга, дарамт ирснээс болсон юм биш биз?

-Тийм зүйлээс болоогүй ээ. Өөр ажилд томилогдож байгаа, ердөө л тэр.

З.Оргил

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж