Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Михайлд бодол бий” гэдэгтэй адил Монгол ардын намынханд ч нэгэн бодол бий бололтой. Шуудхан хэлэхэд тэр нь ирэх сонгуульд сонгуулийн хуучин тогтолцоогоор оролцох. “МАН-ынхан учиргүй муухай санаатай, хуучин сонгуулийн тогтолцоо адгийн муу зүйл” гэж хэлэх гээд байгаа зүйл энд үгүй. Зүгээр л тэдэнд энэ нь хамгийн ашигтай хувилбар болоод байгаад юм. Үүнээс илүүтэйгээр улстөрчид, нарийндаа өнөөгийн эрх баригчдад сонгуулийн үр дүн, сонгогчдын саналаас зөрөөд байгааг өөрчлөх хүсэл зориг бий юу гэсэн эргэлзээ улам тодорсоор байна. Ядаж ийнхүү хардахад Сонгуулийн хуулийн зөвшилцөх ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд албан ёсоор нэг ч хуралдаагүй нь улам нэрмээс болж буй аж. Ингэхээр уг хуулийг өөрчлөх хүсэл зориг байна гэж дүгнэх ямар ч боломж алга. АН-ынхны хувьд асуудал урагшлахгүй байх нь улам л аюултай. Үүнийгээ мэдэж байгаа болохоор тэд 38:38 -аас дахиад ч буулт хийж МАН-ын 50:26 -г хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн болсон байж ч болох.

Үнэндээ пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцооноос татгалзаж буй шалтгаанаа МАН-ынхан сонгогчдын хүсэл зоригтой холбон тайлбарлаж буй ч үнэн хэрэгтээ намын нэр дугуйлах нь эрсдэлтэй болсонтой холбоотой. МАН-ынхан “Зах зээлд борлогдохгүй хулхи барааг брэнд нэрээр халхавчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Үүнтэй адил улс төрд явахгүй болсон хүмүүс хэрэглэхээ байсан брэнд нэрүүдийг авч улс төрд эргэж ирэх, эсэхээ эцсийн удаа үзэх гэж байх шиг л байна. Шинээр байгуулагдаж байгаа МАХН, МҮАН-ынхан нэрийн андуурал явагдана гэж найдсан учраас л энэ нэрүүдийг авч байгаа нь тодорхой” хэмээн тайлбарлаж буй ч өөрт нь ч мөн ийм айдас байгааг хүлээн зөвшөөрсөн учраас л өөрсдийн байр сууринаас буулт хийхийг хүсэхгүй байгаа аж. Дахиад л таамаглал дэвшүүлэхэд сонгуулийн тогтолцооны талаарх тохиролцоо хийгдэхгүй байгаад МАН-ын дотоод асуудал ч нөлөөлж буй. “МАН-ын гишүүдийн дунд онц их хурлаа хийе.  2012 оны сонгуульд хэнээр намаа удирдуулж орвол дээр вэ. Их хурлаараа намын дарга нь Ерөнхий сайд байдаг уламжлалыг эвдье” гэх зэрэг “шуум” дэгдэж өнөөх сонгуулийн тогтолцооны асуудалд анхаарлаа хандуулах боломжгүй болгож байгаа гэнэ.

Энэ мэтийг бодолцоход МАН-д одоо өөрсдийнх нь санал болгоод буй мажоритари давамгайлсан 50:26, эсвэл одоо үйлчилж буй хуучин мажоритари тогтолцоо хоёрын аль нь ашигтай вэ гэдэг асуултын хариу нэлээд чухал бололтой. Намаа бодвол хуучин нь хамаагүй дээр, шинэчлэлээ бодвол 50:26-г сонгосноороо сонгоно.

Харамсалтай нь, эхний сонголтыг илүүд үзээд байгаа нь нөхдийн сүүлийн үед ярьж хэлж буйгаас цухалзаж эхлэв. Тэд сонгуулийн хуучин тогтолцоог илүүд үзэх нийгмийн сэтгэлзүйг ч тордож эхэлсэн бололтой.

МАН-ын дарга С.Батболдыг хоёр танхимтай парламент байж болох тухай нэг хурал дээр ярьсны дараа нь даргын шийдвэрийг ёсчлон биелүүлдэг намын гишүүд ч ам ангайх болгондоо хоёр танхимын ач тус талаар харамгүй үг урсгасан. Нээрээ л хоёр л танхимтай болохгүй л бол парламентын тогтолцоо хямралаас гарахгүй ч юм билүү гэж бодогдохоор болсон шүү, сүүлдээ. Харин тэдгээр гишүүд одоо дараагийнхаа даалгаврыг авсан бололтой. “Ямар  тогтолцоог сонгох  нь   хамаагүй, харин хуулийг хэрэгжүүлэх ёстой” гэдгийг одоо гишүүн бүр нь олон нийтэд сурталчилж байна. Энэхүү суртал нь өмнөх сонгуулийн дараа амласан “сонгуулийн тогтолцоог өөрчилнө” гэдгийг ч мартагдтал үргэлжлэх ёстой.

-Тогтолцоо нь буруугаас сонгууль муу болоод байгаа зүйл байхгүй. /Я.Батсуурь “Өдрийн шуудан”/,

-Зарим нэгэн улстөрчид хуулиа өөрчлөхгүй бол ахиад долдугаар сарын 1 шиг юм болно гэх нь холгүй л зүйл ярих юм. Энэ их гайхалтай сонсогддог. /Д.Хаянхярваа “Өдрийн сонин”/,

-Ямар  тогтолцоог сонгох  нь   хамаагүй, харин хуулийг хэрэгжүүлэх ёстой л гэсэн байр суурин дээр зогсч байгаа /Д.Тэрбишдагва “Өдрийн сонин”/,

-Миний хувийн бодлоор тогтолцоо бол тийм ч чухал зүйл биш. Сонгууль болж бүтэхгүй, луйвартай болоод байгаа нь тогтолцооноос болоод байгаа зүйл биш. /Я.Батсуурь “Ардын эрх”/,

-Манай намын байр суурь тодорхой. Үндсэн хуулийн зарчмаараа ард, иргэд гишүүдээ нэрээр сонгож “УИХ-аа” байгуулдаг мажоритар тогтолцоогоо хадгалах. /Ц.Даваасүрэн “Монголын мэдээ”/,

-Бид огт хуульгүй биш, одоо мөрдөж байгаа хуу¬лиараа явсан ч болохгүй юм байхгүй. /Ц.Цэнгэл Улстөрийн тойм/ гээд цааш нь ийм байр суурь сүүлийн үед олонтаа дурдагдах болжээ.

Гэвч энэ бол нэг л хувилбар. Нэг л гэдгийн учир нь өмнө нь тэд сонгуулийн тогтолцоотой холбоотой олон янзын хувилбар гаргаж байсан. Хоёр танхимтай парламент, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд л. Тэр бүхэн нь сонгуулийн шинэчлэлийн төлөө байсан уу,  цаг хожих арга байсан уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Яагаад гэвэл, сонгуулийн хуулийг батлахад хоёр сарын хугацаа л үлдлээ шүү дээ.

Харин энэ хугацааг цаг хожих байдлаар биш хэлэлцээрийг баталгаажуулахад зориулах ёстой сон. “Шатраар манай нам нүүдлээ сүүлд хийсэн. Ингэхээр танайх нүүдлээ хий” гэж намууд мэдэгдсэн байх аа. Хэрэв тийм л бол та нарын яриад буй тоглоомд бас нэг чухал дүрэм бий. Шатарт буцаж л болдоггүй юм шүү.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж