”Төсөвт тодотгол хийх шаардлагагүй”

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

”Төсөвт тодотгол хийх шаардлагагүй”

Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивэн Барнеттэй уулзаж ярилцлаа.

-Санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг олон нийт мэддэг. Гэхдээ ямар шалтгааны улмаас гэнэт суурин төлөөлөгчийн газраа татах шийдвэр гаргав гэдэг их анхаарал татах боллоо, тодорхой хариулт өгөхгүй юу?

-Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг есдүгээр сарын 14-20-нд Монгол Улсад ажиллаж, “Стэнд бай” хөтөлбөрийн дараах хяналтын яриа хэлэлцүүлгийг хийснээр суурин төлөөлөгчийн газраа татах шийдвэр гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгд Монгол Улсын эдийн засаг хямралаас гайхалтай хурдан сэргэж чадлаа. Хямралыг богино хугацаанд даван туулахад эрх баригчид макро эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж чадсан нь үр дүн дагуулсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сэргэсэн төдийгүй Монголын нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсч, уул уурхайн томоохон хоёр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа нь нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлж байна. Энэ бол маш том давуу тал.
Хоёр дахь шалтгаан нь манай бай­гууллагын төсвийн нөхцөл байдалтай шууд холбоотой юм л даа. Тийм учраас бид дотоодын ажилтнуудаа үргэлжлүүлэн ажиллуулж, Токио дахь бүсийн төвөөс удирдах болж, шийдвэрээ гаргаад байгаа юм.

-Уул уурхайг дагаад Монголын эдийн засаг хурдацтайгаар хөгжиж байгаа нь сайн хэрэг ч маш их эрсдэл хүлээж байна гэх сэрэмжлүүлгийг эдийн засагчид хэлдэг. Та бүхний хувьд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Манай ажлын хэсэг эрх баригчидтай уулзаж, энэ талаар санал солилцсон. Ойрын хугацаанд эдийн засгийн төлөвийг доройтуулж болзошгүй томоохон эрсдлүүд гарч болзошгүй байгаа.  Тухайлбал, эдийн засагт хэт халалт явагдаж байна. Инфляцийн төвшин аль хэдийнэ маш өндөр төвшинд очсон төдийгүй цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь ядуу эмзэг бүлгийнхэнд хүнд дарамт учруулж хувийн хэвшлүүд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах чадварыг доройтуулах эрсдэлтэй. Уг нь энэ дарамт шахалтыг эрх мэдэлтнүүд сөрөх ёстой. Гэвч макро эдийн засгийн бодлогууд нь 2009 оны хямралын үеэр ноёрхож байсан тэлэлт-агшилтын чиг шугам руу буцаж ороод байна. Хоёрдугаарт, макро эдийн засгийн тогтвортой бус байдлын дотоод эрсдэл нэмэгдсэн нь дэлхийн эдийн засгийн төлөв доройтсонтой давхцаж байгаа. Хэрвээ бараа түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом унавал Монгол Улсын экспортын болоод төсвийн орлого аль аль нь хүнд цохилтод орно. Тийм учраас улсын төсвийн зарлагыг хязгаарлаж, мөнгөний бодлогыг хатууруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Засгийн газар төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр төсөв тэлэх болж байна, гэтэл танайх “Болохгүй” гэх?

-Төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улсын эрдэс баялгийн салбар эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг. Эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлж байгаа тэр зүйл маань 30 хувийн өсөлттэй явж байтал үүн дээр нь нэмээд дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувьтай тэнцэх хэмжээний зарлагыг зөвхөн нэг улирлын дотор авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, тодотгол хийснээр. Тэгэхээр эдийн засагт инфляцийн хөөрөгдөл үүсгэхээс аргагүй. Яагаад гэвэл ийм богино хугацаанд эдийн засгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадахгүй үйлдвэрлэлийг мөн энэ хэмжээгээр нэмэгдүүлэх боломжгүй шүү дээ.

-Цаашид төсвийн зардлыг бууруулахын тулд яах ёстой байгаа вэ. Ямар зардлуудаа хамгийн тэргүүнд танах боломжтой харагдах юм?

-Маш хүнд асуулт байна. Гэхдээ хүн нэг бүрт бэлэн мөнгө тараах нь эцсийн дүндээ инфляцийг хөөрөгддөг гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас сар тутамд иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг ялгавартай олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн чиглэл бол зөвхөн зорилтот бүлэгтээ энэ мөнгөн тэтгэлгийг чиглүүлэх хэрэгтэй. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад төсвийн зарлага нийт дүнгээрээ ийм хэмжээнд байх ёстой гэсэн нэг тоо байх ёстой. Тэр хязгаарын хүрээнд Засгийн газар,  УИХ хөгжлийнхээ тэргүүлэх чиглэлд төсвийн зарлагынхаа хуваарилалтыг хийх ёстой. Нэг үгээр хэлбэл, иргэн бүрт зарцуулж байгаа 21 мянган төгрөгөө зөвхөн эмзэг бүлгийнхэнд зарцуулж, үлдэж байгаа хэсгээ  сургууль, цэцэрлэг шинээр барихад зарцуулж болно. Орон сууц, авто зам барихад зарцуулж болно. Олон хувилбар байна шүү дээ. Тэр дундаас аль нь хамгийн нэн тэргүүнд шаардлагатай хэрэгцээтэй байна вэ гэдэг шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргах шаардлагатай.

-Зардлаа бууруул гэсэн зөвлөмжийг танайхаас Засгийн газарт маш их хэлдэг, зөвлөмжийг авдаг юм уу?

-Монгол Улсын төрийн байгуул­лагатай ажиллахад хамгийн таатай зүйл юу байдаг вэ гэхээр бидний хэлж байгаа зүйлийг маш нээлттэй хүлээж авдаг. Бидний хувьд эдийн засгийн зөвлөмжийг өгдөг. Засгийн газар тэр эдийн засгийн хувьд ашиг тустай зөвлөмжийг улстөрийн нөхцөл байдалдаа тохируулаад арга хэмжээ авдаг. Монгол Улсын эдийн засгийн онцлогоос хамаараад хэрэглээний индекст байдаг хүнсний бүтээгдэхүүний үнэ маш хэлбэлзэлтэй байдаг. Нэг сард өсөлттэй байснаа  дараа сард буурдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа инфляци түүнийгээ дагаад өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлт нь мөнгөний бодлогоос хамаардаггүй шууд нийлүүлэлт талын хүчин зүйлээс хамаарч байдаг. Жишээлбэл, өнгөрсөн өвөл зуд болсноос махны үнэд огцом өсч байсан. Ийм нөхцөлд суурь инфляийг тооцож гаргадаг. Ингэхдээ бид жилийн өөрчлөлтийг авахаас илүүтэй сүүлийн гурван сарын өөрчлөлт яаж өөрчлөгдөв гэдгийг хардаг. 2011 он гарснаас хойш суурь инфляци 13-20 хувийн хооронд хэлбэлзэж ирсэн. Мөнгөний бодлогын хүүгийн төвшин 11.75 хувьтай байгаа. 13-20 хувийг 11.75 хувьтай харьцуулаад тооцохоор бодит хүүгийн төвшин гардаг. Бодит хүүгийн төвшин маань сөрөг утгатай байгаа. Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөснийг сайшаан дэмжиж байгаа. Цаашдаа нэмж өсгөхийг зөвлөмж болгож байгаа.

-Төв банкийг бодлогын хүүгээ өсгөнгүүт аж ахуйн нэгжүүд бууруулах ёстой гэсэн шаардлагыг зөрүүлээд тавьж байгаа. Ийм нөхцөлд төв банкийг бодлогын хүүгээ дахин өсгөх ёстой гэх нь оновчгүй биш үү?

-Монголбанк бодлогын хүүгээ өсгөнгүүт аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийх зээл авах боломж нь хязгаарлагдаж хумигдаж байгаа. Гэхдээ инфляцийг бууруулахын тулд ийм арга хэмжээ авахаас аргагүй. Макро эдийн засгийн бодлогыг харах юм бол оновчтой биш байгаа. Яагаад гэвэл нэг талаар төсвийн зардал маш их тэлэх хандлагатай байхад мөнгөний бодлого нь тэр тэлэлтийн үр дагаврыг залруулахад чиглэсэн маш хатуу байр суурьтай байгаа. Ийм бодлогын хослолын үр дүн юу байх вэ гэхээр Засгийн газрын эдийн засагт эзлэх оролцоо маш том болоод хувийн хэвшлийн оролцоо багасах болж байгаа. Бидний хувьд ийм үр дүнд хүрэхийг хүсэхгүй байгаа, гэхдээ бодит байдал ийм л байна.

-Хөгжлийн банк нэлээд санаа зовоож байна гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Засгийн газар баталгаа гаргаад Хөгжлийн банкны үнэт цаасыг олон улсын зах зээл дээр гаргахаар төлөвлөж байгаа. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарч, хөрөнгө татах шийдвэр гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг. Дэлхийн зах зээл дээр бонд гарснаар Монгол Улсын бондыг ямар үнэ өртөгтэйгээр байршуулах боломж байна, зээлийн зэрэглэлийг ямар төвшинд тогтоох боломж байна гэх мэт шинэ мэдээллүүд гарч ирнэ. Гол нь татан төвлөрүүлсэн хөрөнгөө юунд зарцуулах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Эдийн засгийн хувьд ашигтай буюу мөнгөн урсгал бий болгодог төслүүдэд хөрөнгийг зарцуулах юм бол зөв шийдвэр болно. Яагаад гэвэл тэр орж ирэх мөнгөн урсгалыг ашиглаад зээлийн хүүг хийх боломж бүрдэнэ. Хэрвээ авто замын төсөлд Хөгжлийн банкны хөрөнгийг зарцуулчих юм бол мөнгөн урсгал үүсэхгүй. Энэ нь Хөгжлийн банкны санхүүжилт буруу тийшээ явж байна гэсэн үг. 

-Монгол Улс баялгийн хараал хүрэх эрсдэл байна уу?

-Монгол Улсын хувьд баялгийн хараал хүртэх эрсдэл байна. Олон улсын туршлагаас харахад баялгийн хараал идсэн орон ямар байдалтай байдаг вэ гэхээр улсын төсвийн зарлага маш их хэмжээгээр нэмэгддэг. Дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр цалин хөлс хэтэрхий өндөр төвшинд хүрдэг. Цалингийн төвшин хэтэрхий өндөр болох нь ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр тухайн улсад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зардал маш өндөр өртөгтэй болдог. Зөвхөн орлого авчирч байгаа салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулах нь ашиггүй болдог. Нэг талаар иргэдийн цалин хөлс нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч, цалин хөлсний өсөлт бүтээмжийн өсөлтийг дагуулах ёстой. Эс тэгвээс Монгол Улсын хувьд эрдэс баялгийн бус салбарын эдийн засгийн орлогын хувь хэмжээ улам бүр буурна.

Г.ДАРЬ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж