Эхийн сэтгэл үрд гэдэггүйсэн бил үү

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Эхийн сэтгэл үрд гэдэггүйсэн бил үү

Бүсгүй хүний энгэрийг дагаж сүү урсдаг, сүүг нь дагаж хайр урсдаг гэдэггүйсэн бил үү. Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл хаданд гэдэг бил үү. Бүсгүй хүнтэйдээ дэлхий хүртэл бүтэн эргэдэг гэдэг шүү дээ. Гэтэл эрчүүдийг илж, эргээд сүлж урсдаг “сүүн гол”-ууд маань яагаад хүйтэн сэтгэлтэй хүн ороолон болчихов оо.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн 12 мянга орчим хэрэг бүртгэгдсэнээс 12,5 хувийг нь  эмэгтэйчүүдийн үйлдсэн хэрэг эзлэж байгааг цагдаагийнхан мэдээлэв. Аймаар, бас харуусмаар. Хэрэгт холбогдож байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх согтуугаар буюу санаатайгаар үйлдсэн гэвэл танд ямар сэтгэгдэл төрж байна. Итгэхэд бэрх ч энэ үнэн гэдгийг цагдаа нар баталсан.  

Хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй бага насны хүүхэд болон өндөр настнуудыг тамлах, дээрэмдэх нь ихэссэн байна. Хүүхдээ зодож, тамлах, хэрцгийлэн зовоох, хүчирхийлэх  нь сүүлийн үед эрс нэмэгдсэн гэдгийг цагдаагийнхан өгч байна.   Тэр ч бүү хэл, төрүүлсэн үрээ энд тэнд хаях явдал нэлээд олширсон. Тухайлбал, сүүлийн нэг сарын хугацаанд бага насны хүүхдийн цогцос хаясан тохиолдол цагдаагийн байгууллагад гурван удаа бүртгэгдсэн байна.

Арван сар тээсэн үрдээ ангир уургийг нь амтлуулж, аз жаргал өгч чадахгүй байсан юм бол… Тэдгээр бүсгүйчүүд хэн байв аа. Яагаад, юуны тулд тээж төрүүлсэн үрээ тээр­шааж хаясан юм бол. Жалганд  хүүхдээ хаясан, буудлын орны дор орхисон гэх  аймаар хэргүүдийг өр нимгэн гэх өнөөх бүсгүйчүүд маань үйлдэж. Төрөөд гурав хоносон нялх хүүхдийн цогцос БГД-ийн “Хангай” зочид буудлын 210 тоот өрөөнд байсныг нэгэн үйлчлүүлэгч олж мэдсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Нялх хүүхдийн цогцос муудаж үнэр орох шинжтэй болсон байсан гэдгийг цагдаагийхан ярьж байсан. Одоогоор хүүхдийн нас барсан шалтгааныг олоогүй, шалгаж байгаа гэнэ. Харин хүүхдээ хаясан байж болзошгүй хүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Нярайн ээж  байх, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй нэгэн бүсгүйг  цагдаагийнхан одоогоор сэжиглэн шалгаж байгаа бололтой. Харин энэ талаар сонин хэвлэлээр тодорхой мэдээлэл өгвөл зугтаж алга болчих вий гэсэн болгоомжлол  байгаа аж.

2010 оны намар СУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг байсан нэгэн бүсгүй дотуур байрандаа хүүхдээ төрүүлээд хогийн саванд хийснийг хог түүдэг хүн олоод цагдаагийн газар мэдэгдсэн. Энэ хэргийг шалгах явцад нэгэн сургуулийн төгсөх ангийн оюутан нөхөртэйгээ муудалцсанаас болж хүүхдээ өөрөө эх барьж аван амыг нь дэрээр таглан амь насыг нь хөнөөсөн. Энэ хэрэг ч мөн адил БЗД-ийн цагдаагийн газар шалгагдаж байсан билээ. Эрүүгийн хуулинд “… төрүүлсэн үрээ санаатайгаар хаях болон бэртээж гэмтээх, амь насыг нь хохироосон тохиолдолд түүнийг зургаан сараас дээш хугацаагаар хорих, мөн мөнгөн торгууль ногдуулна” гэсэн хууль байдаг аж.   Энэ мэт гэмт хэрэгт эмэгтэйчүүд олон оролцож, бүр бүлэглэн хэн нэгний амь насыг зэрлэгээр хороох болсны тод жишээ нь хүн амины хэрэгт холбогдон ял эдэлж буй Ө.Хэрлэнчимэг.

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
гэж сайхан дууны үг байдаг даа. Мяндас зөөлөн уян ээжүүд минь хаана байна вэ. Эмэгтэй хүн бүр эх хүн болох хувь тавилантай. Энэ бол хорвоогийн жам. Харин зарим нэгний хувьд үрийн зулай үнэрлэх аз дутсан түүх байдаг нь худал биш. Хүслээр биш хяслаар болдог хорвоод хүн хүнээрээ дутна уу гэхээс хүнд хүн хэзээ ч илүүддэггүй гэдэг үг байдагсан.  Арван сар тээсэн хойноо хог шаарнаас ч дорд үзэн хаяж, орхиж байгааг нь юу гэж ойлгох вэ. Араатан ч гэсэн үр хүүхдээ харамладаг шүү дээ.

Саяхан “Улаанбаатар” зочид буудлын өмнө биеэ үнэлдэг нэгэн бүсгүйтэй уулзсан юм. Тэрбээр “Цалинтай ажил хийж үзсэн. Сард зовж, зовж 160 мянган төгрөг авч байхад энэ мөнгийг биеэ үнэлснээр өдөрт нь олж байна шүү дээ. Тэгээд ч мөнгө хэрэгтэй ийм үед жирэмсэн болохгүй, өвчин авахгүй явж байхад  л болно шүү дээ” гэж бахархсан шинжтэй хариулсан. Тэрбээр хотын төвд амьдардаг, нөхөртэй, хүүхэдтэй гэх.  Хүн алж, биеэ үнэлж, хүүхдээ хаяж байна гэхэд итгэхэд бэрх ч гэсэн эмэгтэйчүүд, ер нь хүн бүрийн ухамсар, ёсзүй гэдэг аль хэдийнэ уландаа гишгэгджээ. Монгол эмэгтэйчүүдэд ёсзүй, цэвэр ичимтгий, уян зөөлөн сэтгэл гээд уг нь сайхан тодотгол олон бий. Мэдээж бүх хүнийг хэрцгий, хатуу аймшиг төрүүлэх гэмт хэрэгтэн гэж хэлж болохгүй. Харин энэ тоо долоо хоног, сар, жил өнгөрөх тусам нэмэгдээд байх вий гэдэг айдас байгаа болохоор тэр.  Гэмт хэрэг үйлдэгчид, төрсөн үрээ хаягсдаас ёсзүйг хайна гэдэг утгагүй биз. Харин дараа дараагийн үесдээ, хойч үедээ, залуустаа ёсзүй гэдэг лекцийг хэдэн цагаар ч хамаагүй уншмаар. Ёсзүйтэй байтлаа тэд төрсөн үрээ хаяв гэж.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж