Ажлын байрны эрэлт ажилгүйдлээс давжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Ажлын байрны эрэлт ажилгүйдлээс давжээ

Ажилгүйдлийн гол шалтгаан ажил­лах хүчинд байна уу, ажлын байр­наас шалтгаалав уу гэдэг асуултад хариулт олохоор холбогдох албаныхан  чуулж байна. Уг чуулган өчигдөр “Чингис хаан” зочид буу­далд болсон бөгөөд хөдөлмөрийн чуулган Монголд ажилгүйдэл их хэрнээ ажлын байрны илүүдэл их байгаагийн шалтгааныг олоход гол санаа нь чиглэгджээ.  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Нийгмийн хамгаалал хөдөл­мөрийн яам, Хөдөлмөр халамж үйл­чилгээний газар хамтран зохион байгуулж буй уг хурлын зорилго нь ажиллах хүчин болон ажлын байр хоёрын хоорондын уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа ажээ. Тус хөдөлмөрийн чуулганаар эдийн засаг, ялангуяа ажлын байр болон ажилгүйдлийн талаар голчлон судал­даг эрдэмтэд, судалгааны багууд илтгэл хэлэлцүүлэн, хэлэлцүүлэг өрнүүлж Монгол Улсад тулгараад байгаа ажилгүйдлийн асуудалд нэгдсэн байр сууринд хүрэх юм.

Монголд үүсээд байгаа ажилгүйдлийн түвшин, мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ажлын байр, цаашид хэрхэн ямар аргаар энэ асуудлаас гарч болох талаар Монголын болон гадаадын судлаачид илтгэлээ хэлэлцүүлж байна. Одоогоос 15 жилийн тэртээгээс Монголын ажилгүйдлийн талаар манай мэргэжилтнүүд, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийж байсан бөгөөд Монголын ажил олгогч эздийн холбоо/МАОЭНХ/-нд судалгааны үр дүнгээ хүргэдэг байжээ. Гэхдээ үүнийг чамлангуй “15 жил судалгаа хийж байгаа нь гадны орнуудыг бодвол үндсэндээ бага судалж байна гэсэн үг. Энэ 15 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвартай хүн 45 хувиар, хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй ажиллагсад 30 хувиар өссөн ч үлдсэн хувийг нь огт ажил эрхэлдэггүй хүмүүс эзэлж байна” гэж доктор, профессор н.Содномцэрэн хэлж байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 106 мянга гэж гарчээ. Харин хөдөлмөрийн биржэд 200 гаруй мянган ажлын байр байгааг цаасан дээр тэмдэглэчихэж. Ажлын байр ажилгүйчүүдээс ч илүү байхад ажилгүйчүүд буурдаггүй нь сонирхолтой байгаа биз. Гэтэл Монгол Улсын хүн амын цонх таван жилийн дараа томорч тэтгэврийн насны хүн амын тоо ажил эрхэлж буй хүн амын тооноос давж эхлэх ажээ. Ажилгүйдлийг ойрын арван жилийн хугацаанд бууруулахгүйгээр хүн амын цонх үедээ орвол Монголын эдийн засгийн байдал хүндэрнэ гэж эдийн засагчид сануулсаар байна.

Энэхүү хуралд оролцож байгаа мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох­гүйгээр цалинг сэтгэлийн хөөрлөөр нэмэх нь буруу ажээ. Учир юу гэвэл цалин нь өөрөө эдийн засгийг тэнцвэржүүлж байдаг гол хүчин зүйл бөгөөд цалинг тухайлсан бодлогын хүрээнд нэмэх нь зүйтэй юм байна.

“Ажилгүйдэл бол нийслэлийн хэмжээнд, цаашлаад улс орны хэмжээнд том асуудлын нэг. Үүнийг шийдвэрлэхгүйгээр бид хөгжинө гэж байхгүй. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг сонин зүй тогтол ажиглагдаж байгаа. Манай хороонд бүртгүүлснээр ажлын байрын тоо жил ирэх тутам өсч байгаа юм. Үүнийг дагаад ажилгүйчүүдийн тоо өсөөд байдаг. Нэг ёсондоо ажил хайж байгаа хүмүүс нь ч их, ажлын байр нь ч их байгаа юм. Шийдвэрлэхийн тулд л өнөөдрийн хөдөлмөрийн чуулганыг хийж байгаа. Өмнө нь яг хөдөлмөрийн чуулганыг хийж байсан. Тухайн үед энэ хурал ажлын байрыг нэмэгдүүлэхэд голлон анхаарсан юм. Харин одоо бол бүртгэлтэй ажлын байруудад хэрхэн хүмүүсийг ажиллуулах вэ гэдэг дээр анхаарч, энэхүү хурлыг гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас энэ асуудалд анхаарлаа хандуулан хамтарч ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй” гэж Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн  холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярилаа.

Ийнхүү 20 гаруй жилийн турш ярьсан ч дорвитой ажил болоогүй ажилгүйдлийг бууруулах  асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаад, дотоодын мэргэжилтнүүд чуулж, нэгдсэн байр сууринд хүрэхийг хичээж байна. Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 106 мянган хүнээр тоологдож байгаа ч өнгөрсөн таван жилийнхээс 3,6 хувиар өсчээ.

Ямар ч байсан Монгол Ул­сын тулгамдсан асуудлын нэг бо­лоод байгаа ажилгүйдлийг буу­руулахын тулд гадаад, дотоодын мэргэжилтнүүд  ийнхүү нэг өдрийн  турш ухаанаа уралдуулж, толгойгоо чилээсэн юм.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж