2012 оны мөнгөний бодлогод саналаа өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

2012 оны мөнгөний бодлогод саналаа өгөөрэй

Монголбанк арилжааны банкны төлөөлөлтэй өнгөрсөн баасан гаригт уулзаж ирэх жилийн мөнгөний бодлогын талаар хэлэлцсэн билээ. “2012 онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тойрсон асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгээр Монголбанкны  зүгээс ирэх жилийн Мөнгөний бодлогын төслийг танилцуулсан бол уг төсөлд санал авч байна. Жил бүрийн аравдугаар сард Монголбанкнаас ирэх жилийнхээ Мөнгөний бодлогыг УИХ-д танилцуулж батлуулдаг. Ирэх жил баримтлах мөнгөний бодлогын чиглэлийг энд дарж үзээрэй. Харин саналаа info@mongolbank.mn хаягаар илгээх юм байна.

Ирэх жил баримтлах мөнгөний бодлгогыг чиглэлийг товч сонирхуулахад ийм байна.

Баримтлах үндсэн чиглэлийн төсөл

Дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн орчинг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай нам, тогтвортой инфляцийн түвшинг бий болгоход мөнгөний бодлогын үндсэн зорилго оршино. Энэ зорилгын хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ.

1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

  • 1.1 Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2012 онд нэг оронтой тоонд, 2013-2014 онуудад найман хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгана.
  • 1.2 Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдан уян хатан тогтох зарчмыг баримтална.
  • 1.3 Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлнэ.

2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

  • 2.1 Эдийн засаг, санхүүгийн салбарын түргэн өсөлт, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн банкуудын чадавхийг дээшлүүлнэ. Банкны салбарын тогтвортой байдлыг дэмжих хяналт шалгалтын олон улсын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг боловсронгуй болгож сайжруулна.
  • 2.2 Банкны удирдлагыг сайжруулан үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг дэмжин, санхүүгийн хариуцлагыг өндөржүүлнэ.
  • 2.3 Хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангана.
  • 2.4 Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоог өргөтгөж, санхүүгийн нэгдлийн хяналт шалгалтыг боловсронгуй болгоно.
  • 2.5 Гадаадын банкны салбар, нэгжийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

3. Төв банкны бусад үйл ажиллагааны хүрээнд:

  • 3.1 Төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
  • 3.2 Мөнгөний бодлогын зорилго, түүнд хүрэх арга замыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, Төв банкны бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлснээр инфляцийн хүлээлтийг удирдах боломжийг нэмэгдүүлнэ.
  • 3.3 Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас тавигдсан шаардлагуудад нийцүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран авч хэрэгжүүлнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж