Эмнэлэгт согтуучуудыг өгөх хууль оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Эмнэлэгт согтуучуудыг өгөх хууль оруулжээ

Өчигдөр УИХ-ын Чуулган дээр дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын харьяалалд байх Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, эмнэлгүүдийг түшүүлэн байгуулна гэсэн санал орж ирсэн нь УИХ-ын гишүүдийн дунд халуухан мэтгэлцээн өрнүүлжээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын хэлснээр нийслэлийн хэмжээнд хоногт 300 гаруй хүн эрүүлжүүлэгддэг.  Эдгээр “танхайчуудыг” эрүүлжүүлдэг байр олон улсын жишгээр Эрүүл мэндийн салбарынхаа харьяанд байдаг гэнэ. Монгол Улс ганцаараа Цагдаагийн байгууллагынхаа бөөрөнд наачихсан тул олон улсын жишиг талаасаа зохимж муутай. Эмнэлгийн байгууллага эрүүлжүүлж хэрэв эмч нарт дийлдэхгүй байвал цагдаа нар дуудлагаар очиж  журамлана гэжээ. Дээрх үгийг сонссон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эрүүл мэндийн салбар үндсэндээ уначихсан,  өвчтэй хүмүүсээ эмчилж дийлэхгүй байхад дээр нь архи уусан, агсан тавьсан иргэдийг эрүүлжүүлнэ гэдэг бүтэшгүй ажил” гэж хэлсэн бол Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Угаасаа энэ төслийг Засгийн газраар хэлэлцүүлэх үед ийм зүйл байгаагүй. Гэв гэнэт гаргаад ирсэн. Тийм ч учраас би сайд Ц.Нямдоржид “Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болно” гэдгийг албан бичгээр мэдэгдсэн байгаа” гэв.
Дээрх үгийг сонссон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Засгийн газрын хоёр гишүүнийг ойлголтоо нэгтгэж, хуулийн төслийнхөө учрыг олохгүй бол хоёр өөрөөр ярьж, УИХ-ын толгойг эргүүлээд байна шүү” гэдгийг анхааруулсан юм.
Эцэст нь энэхүү хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, байнгын хороонд шилжүүлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж