“Нисванис” хамтлагийн дуучин Амгааг дөнгөж тайзнаас буухад нь уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
-Фен клуб тань зургаан нас хүрсэнд баяр хүргэе. Танай хамтлаг урилгаар ирж, шинэ дуунуудаараа бэлэг барилаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Манай фен клуб бол Монголын хамгийн том фен клуб. Түүнд нь бид нар маш их баярлаж явдаг. Өнөөдөр бид нар фен клубынхээ төрсөн өдөрт уригдан шинэ цомгийнхоо дуунуудыг хүргэлээ. Манай шинэ цомгийн өнгө аясыг энд ирсэн хүмүүс маань сонслоо. Манай тоглолт анх 1996 онд газар хөдөлж байгаа юм шиг үсэрч, цовхчсон ийм тоглолт болж байсан. Энэ хэвээрээ байгаад маш их баярлаж байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Баярлалаа.
-Шинэ цомог хэдийгээр бэлэн болох бол?
-Яг төлөвлөсөн тов хараахан гараагүй байна. Одоо ингээд шинэ зургаан дуугаа бичүүлээд эхэлнэ дээ.
-Сая шинэ студитэй болсон гэж дууллаа?
-Манай хамтлагийн Вовка студитэй болсон гэдэг чинь манай хамтлагийн л студи гэсэн үг. Тэндээ шинэ цомгийн дуунуудаа бичнэ.
-“Нисванис”-т фен клубын зүгээс энэ удаад баримтат киногоор бэлэг барилаа. Үзэгчдийн суудлаас өөрсдийнхөө баримтат киног үзэх ямар байв?
-Манай фен клубынхэн ийм сайхан гэнэтийн бэлэг барьсанд үнэхээр сэтгэл хөдөлсөн. Хүмүүсийн дунд өөрсдийгөө магтуулаад сууж байх жоохон эвгүй байна лээ. /инээв/ Санаа зовмоор. Гэхдээ хүмүүсийн бодол, санаа эерэг хандлагатай, бид нарыг их дэмжиж байдагт нь их урам орж, цаашдаа хөдөлмөрлөх сэтгэл их өндөр болсон.
-“Нисванис” хамтлагийн 15 жилийн ойд зориулаад “Үргэлжлэл бий…” гэдэг анхны номоо гаргасан шүү дээ. Номоо үргэлжлүүлээд гаргах уу. Яг нэр шиг нь?
-Тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ үргэлжлүүлэх байлгүй дээ.
Мөн энэ үеэр зургаан нас хүрсэн “Oxygen” буюу “Хүчилтөрөгч” фен клубын удирдлагын гишүүн Лхамаатай цөөн хором ярилцлаа.
-Фен клуб зургаан нас хүрлээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Анх 2005 онд фен клубыг байгуулж байхдаа ийм болно гэж бодсонгүй. Одоо 2011 онд олон дэмжигч фенүүдтэй, олон найз нөхдийн хүрээнд сайхан тоглолт болж байна.
-Фен клуб анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ?
-Хамгийн анх есөн хүн энэхүү фен клубыг байгуулж байсан. Дараа нь 15, 50, 100, 150 гишүүнтэй болж, хүрээгээ тэлэн өргөжсөн.
-Өнөөдөр бүл нэмээд хэдүүлээ болсон бол?
-Одоогоор 150 гаруй гишүүнтэй болсон байгаа.
-Зургаан жилийн ойдоо зориулан хийсэн баримтат киноныхоо талаар сонирхуулахгүй юу?
-Энэ баримтат киноны талаар ирсэн үзэгчид болон “Нисванис” хамтлагийнханд мэдэгдээгүй байсан. Хайртай ханьтайгаа хамтран хийсэн. Хүмүүст таалагдсан байх аа. Тоглолт эхлэх гээд хүмүүс цуглаж байх хооронд үзүүлэх гоё зүйл байх хэрэгтэй гээд хийсэн.
-Гэнэтийн бэлэг болсон энэхүү баримтат кино нь энд ирж амжаагүй фенүүдэд нь хэрхэн хүрэх вэ?
-Ер нь дэлгэцээр бол гарахгүй. Төрсөн өдрийн бэлэг байсан болохоор зөвхөн Facebook ашигладаг хүмүүсийн хүрээнд video-г share хийнэ. Энэ долоо хоногт багтаад байршуулна даа.
-Танай клубт гишүүн болохыг хүсвэл яаж хандах вэ?
-“Нисванис” өөрөө мундаг хамтлаг болохоор фенүүдийг нь цуглуулах бол тийм хэцүү асуудал биш. Нэг зар тавихад л олон гишүүд ирдэг. Тэдэн дундаас цаашдаа фен клубын үйл ажиллагаанд ивэвхтэй оролцох, “Нисванис”-ын тоглолтын үеэр үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүмүүсийг авдаг. Үнэхээр бүх зүйлээ хаагаад зөвхөн хөгжмийн төлөө явж чаддаг хүмүүсийг сонгон авдаг.
-Фен клубын дараагийн томоохон төлөвлөгөө мэдээж “Нисванис” хамтлагийн тоглолтын ажил уу?
-Ирэх оны дөрөвдүгээр сарын 9-нд "Нисванис" хамтлагийн 16 жилийн ой “Нис нис фест”-ийг хоёр дахь жилдээ манай фен клуб зохион байгуулна. “Нисванис” хамтлагийн тоглолтыг рекламдах шаардлага байдаггүй. Дөрөвдүгээр сарын 9, есдүгээр сарын 18-нд хүн болгон цуглаж байдаг. Бид жил болгон рекламныхаа ажлыг багасгаад байгаа ч хүмүүс дунд хүлээлт үүсчихсэн өөрсдөө хүрээд ирдэг. Тийм болохоор дөрөвдүгээр сарын 9-нд эргээд уулзья гэж хэлье.