Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Боловсролын сүйрэл-2

Монголд боловсролын салбарт хамааралгүй хүн байгаа бил үү. Надтай хамт ажилладаг залуу маань ганц охинтой. Ганц охиноо эхнэртэйгээ ээлжлэн цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Мань эрийн “хонины ээлж” таарахад багш нь их л таатай, найрсаг хандах бол эхнэрийг нь очихоор ийм ч зүйл хэрэгтэй, ингэ, тэг гэж уцаарлах нь олонтаа. Хашир залуу охиноо бодсондоо хааяа нэг багшид нь чихэр, шоколадтай очдог бол охины ээж зүй ёсных нь төлбөрийг өгсөн учраас илүү зүйл өгөх шаардлагагүй гэж үздэг. Багшийн ааш, аяг хувирах шалтаг нь ердөө л үүнтэй холбоотой. Хэрэв өөрийнх нь сэтгэлд нийцэхгүй зүйлийг багш нь санал болговол ээж нь шуудхан л “үгүй” гэж хэлнэ. Харин аав нь багштай харил­цахдаа “үгүй” гэсэн үг ердөө ч гар­гахгүй. Тиймээс ч болсон, болоо­гүй  зурагтай, ядмагхан но­мыг дуртай, дургүй “худалдаж” авчих­сан ажлын маань залуу багшийг дал­дуур муулсаар ирэх нь олонтаа. Хэдийгээр тэр авсан номондоо сэтгэл дундуур байдаг ч “Охиноо бодоод ахиад ч авна” гэнэ. Учир нь багшийн санал болгосныг зөв­шөө­рөхгүй бол ганц охиныг нь гадуу­р­хана гэж болгоомжлоно. Үүн шиг ёс бус зүйлтэй сэтгүүлчид өдөр болгон өөрийн биеэр нүүр тул­даг ч тэр тоолондоо халаглаад л өнгөрдөгөөс биш багштай нь хариу­цлага тооцуулахаар баалсан нь ховор доо. Олон хүүхдийн өмнө заг­нуулан бүлтэлзүүлэхгүй гэхдээ л тэр л шүү дээ. Ийм л шалтгаанаар чанар­гүй сурах бичгүүд зах зээлд давамгайлж, албан хүчээр хэдэн арван мянган хувиар борлогдож, энэ хэрээр сурах бичгээр бизнес хийж дадсан зохиогчид ч олшров. Тэдний сурах бичгийн борлуулалтад багш нарын нөлөө их байгаа. Зарчим нь их энгийн. Борлуулалтаа сайж­руулахын тулд багш нарт тодорхой хэм­жээний урамшуулал олгох ёстой. Тэдэнтэй харилцаагаа сайжруулж чадвал БСШУЯ-аас тухайн хичээ­лийн жилд хэддүгээр ангид ямар ном үзэх эсэхийг тогтоосон ч шийд­вэр ч хамаагүй. Багшийн сон­голтоор л сурах бичгээ авах жишээ­тэй. Зарим сургуулийн тав, зурга­дугаар ангийн бүлгүүдэд нэг хичээл хэрнээ өөр өөр сурах бичиг үзэх нь ч энүүхэнд. Тиймээс хүүх­дүүд тавдугаар ангийн тэрний математик, түүний монгол хэл гэж зохиог­чоор нь сурах бичгээ ялгаж, асуу­даг болж.
Олон хүүхэдтэй айлд бол энэ хамгийн том дарамт учруулна. Нэг ахынхаа сурах бичгийг нөгөө дүү нь анги дэвшээд ашиглах боломжгүй. Энэ тохиолдолд ахиад өөр шинэ сурах бичиг худалдаж авна. Сурах бичиг дунджаар 5-10 мянган төг­рөгийн үнэтэй. Бүх зүйл мөнгөөр хэм­жигдэх болсон энэ цагт үнэгүй юм байхгүй шүү дээ. Тэгвэл тухайн сурах бичиг ханшдаа таарсан мэдлэг олгохуйц, чанартай юу гэх асуулт ургана. Харамсалтай нь үгүй. Тэр ч бүү хэл алдаа мадаг ихтэй төдийгүй Монгол хэлний ном л гэхэд үг үсэг, найруулгын алдаатай байх нь элбэг. Алдаатай сурах бичиг бүтээгчидтэй  хариуцлага тооцдоггүй. Үүний урш­гаар тав, эсвэл зургадугаар ангийн нэг хичээлийн сурах бичиг л гэхэд доод тал нь хоёр, дээд тал нь зургаа байгаа нь нууц биш.
“Нарантуул”-аар нэг хөглөрч байдаг хятадын хямдхан бүтээг­дэхүүн шиг л сурах бичгийн аадар жилийн жилд сургуулиудыг дарж байна. Зах зээлийн өр­сөлдөөний эрүүл зарчим энд үйлчлэхгүй. Тий­мээс үнэхээр сайн сурах бичиг цагийн шүүлтүүрт тунаж, тааруу муу нь зах зээлээс шахагдана гэсэн ойлголт байдаггүй нь харамсалтай. Тухайн багш аль илүү хувь өгье гэсэн нөхрийн сурах бичгийг эцэг, эхчүүдийг авахыг шаардахаас бус сайныг нь гэх шаардлага байхгүй.
Энэ зарчим сурагчийн дүрэмт хувцаст ч харилцан адилаар үйл­чилнэ. “Бат зүү” гээч оёдлын ком­па­нийг энд бас дурдаж болно. Сурагчдын дүрэмт хувцасыг дангаар ханган нийлүүлэгч монополь энэхүү компани хэн нэгэн эрх мэдэлтний дэмжлэгтэйгээр бараг нийслэлийн бүхий л сургуулийн дүрэмт хув­цасыг нийлүүлдэг. Харамсалтай нь “хамгийн сайн” гэх тодотголтой дүрэмт хувцас нь төд удалгүй “бөөстөж”, хүүхдүүдийн гарын ая даахгүй урагдаж, тэр ч бүү хэл нийлэг материалаар хийсэн учраас ямар ч агаар салхи нэвтрүүлэхгүй хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг үй олон жишээ бий. Тэгсэн хэрнээ тэнгэрт хадсан үнэтэй. Үнэтэй дү­рэмт хувцас бүү хэл хүүхдийнхээ гут­лыг хүчирч дөнгөхгүй байгаа эцэг, эхчүүдэд энэ ямар их дарамт уч­руулдагийг тэд төсөөлөхийг ч хүсэхгүй.
Үндэсний өөр үйлд­вэрлэгчид цэвэр даавуугаар, хямд үнэтэй дү­рэмт хувцас нийлүүлэх санал тавь­даг ч танил талгүйгээсээ болоод төдийлөн амжилтад хүрдэггүй. Нөгөөтэйгүүр тэд өөрсдөд нь дүрэмт хувцас нийлүүлэх эрх ол­гох түшмэд, багш нарт өгөх татаа­­­­­сыг бүтээ­гдэхүүний үнэд ши­н­­­­­­­­гээж өгөөгүй учраас хувь хүр­тээхийг зөвшөөрөхгүй. Сур­гуу­лийн удирдлагын зүгээс хувь хүр­тээ­гээгүй учраас тэдний дүрэмт хув­цасыг авахгүй. Ердөө л энэ. Иймэрхүү байдлаар сургуультай, сурагчтай, боловсролтой холбоотой бүх зүйл бохироос бохир бизнес бо­­лон хувирчээ. Тэгсэн хэрнээ “Бидэнд бага цалин єгч байна. Бvр ихийг єгєх ёстой. Ингэж байгаа маань Монголын ирээдүйн төлөө” гэх мэт өөрсдөөрөө омогших үйлдэл их гаргана. Хариуцлагын тухай асуудал болоход бүхнийг бусад руу булзаах нь олонтаа.   Эцэст нь хэлэ­хэд боловсролын салбарын тул­га тойр­сон тооцооны богино ухаан, асууд­лыг зоосны нүхээр харах сэт­гэл­­­­гээ монголчуудыг туйлдуулж байна.       

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж