Ц.Энхбаяр: Ажлын хэсгийн ахлагчтай уулзсан

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр: Ажлын хэсгийн ахлагчтай уулзсан

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг Улсын ерөнхий прокурорын  дэргэдэх мөрдөх байцаах албанаас мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж  байна. Уг хэргийг өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Прокурорын газараас хяналт тавьж эхэлсэн байна. 2008 оноос хойш  шалгагдаж байгаа уг хэрэг өнгөрсөн онд хэрэгсэхгүй болсон ч үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний хүсэлтээр сэргээн шалгах  шийдвэрийг Ерөнхий прокурор Д.Дорлигжав гаргасан юм. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нарт буудуулан амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн  аав Ц.Энхбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа байгаа талаар та бүхэнд мэдэгдсэн зүйл байна уу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах арай болоогүй гэсэн. Хэдхэн хоногийн өмнө  талийгаач Энхбаатарын дүү Хэрлэн,  талийгаач Н.Мөнх-Эрдэнийн ээж Тунгаа бид гурав Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн  байцаах албаны дэд дарга, долдугаар сарын 1-ний хэргийг мөрдөх  ажлын хэсгийн ахлагч Батболдтой уулзлаа. Бидэнд “Мөрдөн байцаалт үргэлжилж байна, дуусах  арай  л болоогүй. Бид шалгах ёстой  юмаа хуулийн дагуу шалгаад явж байна” гэсэн.

-Хэрэгт  Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас гадна хэд хэдэн хүнийг нэмж шалгаж байгаа учраас удааширч байгаа гэх юм?

-Хавтаст хэрэгтэй танилцах үед бүх зүйл тодорхой болно. Түүнээс өмнө  мөрдөн байцаалтын ажиллагааны нууц учир хэлэх боломжгүй гэж байна лээ. Магадгүй хүмүүс нэмж шалгаж байж болох юм. Хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээж, мөрдөн байцаалтад буцаах  шийдвэрийг Ерөнхий прокурор гаргахдаа  нэмж шалгах шаардлагатай жагсаалтыг өгсөн юм билээ. Тэнд чухам юу, юу дурдсан нь нууц гэсэн. Үүний дагуу л шалгаж байгаа болов уу.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж