Сүрьеэгийн лабораторийн эрхлэгч нар чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн лабораторийн эрхлэгч нар чууллаа

Филиппин улсын Манила хотын ДЭМБ-ын хурлын танхимд Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй 7 орон буюу Монгол, Хятад, Вьетнам, Лаос, Кампучи, Филиппин, Папуа Шинэ Гвиней улсуудын Сүрьеэгийн Үндэсний програмын зохицуулагч, Сүрьеэгийн лавлах Лабораторийн эрхлэгч нарын 7 дахь удаагийн уулзалт хуралдаан боллоо.

Энэхүү хуралдаанд Женев дэх ДЭМБ-ын төвөөс STOP TB Partnership, TBTEAM програм, Олон Эмийн Дасалтай Сүрьеэгийн мэргэжилтнүүд, Лабораторийн мэргэжилтнүүд оролцож, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Сүрьеэгийн мэргэжилтнүүд хурлыг удирдаж явууллаа.

Хуралд ажиглагчаар Япон, Солонгос, Австралийн Сүрьеэгийн Supranational Лабораторийн захирлууд, USAID, JICA, GLC, MSFF, GF зэрэг хандивлагч олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хуралд ДЭМБ-ын Монгол дахь Сүрьеэ ба ДОХ хариуцсан мэргэжилтэн Ж.Нарантуяа, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны албаны дарга О.Батбаяр, Сүрьеэгийн лавлах Лабораторийн эрхлэгч Б.Буянхишиг, Халдвар судлаач Д.Наранзул, эмч Д.Доржмаа нар оролцлоо.

Хурал Сүрьеэгийн үйлчилгээний хүртээмж, Сүрьеэтэй тэмцэхэд төр хувийн хэвшлийн оролцоо, түүн дотроо Нөлөөлөл Мэдээлэл Нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ДОХ ба Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэх, Олон Эмийн Дасалтай Сүрьеэ өвчинтэй тэмцэх програмын шаталсан төлөвлөгөө, Сүрьеэгийн Лабораторийг бэхжүүлэх нь сэдвүүдээр хуралдаж оролцогч орнууд дээрх сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, хурлын төгсгөлд зөвлөмжүүд гаргав.

Хурлын явцаас ажиглахад дээрх орнууд дахь Сүрьеэ өвчинтэй тэмцэх програмуудад ололт амжилттай зүйл олон байгаа ч дутагдал ч байсаар байна. Тухайлбал, Филиппин улсад Сүрьеэгийн лаборатори ба Сүрьеэгийн Үндэсний програмын хамтын ажиллагаа сул, Хятад улсад шинээр өвчлөгсдийн дунд Олон Эмийн дасалтай Сүрьеэгийн эзлэх хувь ихэссэн бол Лаос Кампучи Вьетнам улсуудад ДОХ ба Сүрьеэгийн хавсарсан хэлбэр ихэссэн байна.

Мөн Хятад улс ба Лаос улсууд Сүрьеэгийн тархалтын судалгааг сая дуусгаж илтгэлээ тавьсан. Хурал удирдагчдын зүгээс Монгол улсад Сүрьеэгийн Тархалтын судалгаа хийх онц шаардлагатай орны тоонд орж байгааг онцлов. Монгол улсад 1950 оноос хойш Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдээгүй юм. Судалгаа хийх санхүүжилтын тал хувийг Глобаль сангаас шийдэж өгсөн бөгөөд тал хувийг буюу 600 мянга орчим долларыг Монгол улсын Засгийн газраас санхүүжүүлэх нөхцөл тавигдсан байгаа.

Мөн Монголын Сүрьеэгийн Лавлах Лаборатори дээрх орнуудаас хамгийн сайн үнэлгээг авсан бөгөөд цаашид олон улсын магадлан итгэмжлэлтэй болж, бүс нутгийн хэмжээнд лавлагаа үзүүлдэг Солонгос Японы болон Австралийн Лабораториудын хэмжээнд ажиллах боломжтой. Үүний тулд лабораторийн эмч нарын тоо ба хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг зөвлөсөн байна.

Монголын Сүрьеэгийн Лавлах Лабораторийн эмч нарын эзэмшсэн техник, ур чадвар нь дэлхийн хэмжээнд хүрснээр Олон улсын хэмжээний лавлах Лаборатори болсоноор дотооддоо олон улсын сургалтуудыг явуулах, бусад улс оронд очиж техникийн зөвлөгөө өгөх зэргээр ажиллах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, улмаар өөрөө өөрийгөө санхүүжүүлэн хөгжүүлэх сайхан боломж нээгдэх юм.

Хурал амжилттай өндөрлөж, Монголын эмч мэргэжилтнүүд сурч мэдсэн их олзтой, хийж бүтээх урам зоригтойгоор эх орондоо эргэн ирлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж