“Хүний эрхийн нээлттэй өдөр” Дундговьд

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Хүний эрхийн нээлттэй өдөр” Дундговьд

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг есдүгээр сарын 19-21-ний өдөр Дундговь аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Комиссын удирдлагууд тус аймгийн Засаг дарга болон Тамгын газар, шүүх, прокурор, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Нийгмийн халамж үйлчилгээний төвийн ажилтан, албан хаагчидтай уулзалт ярилцлага хийж, сургалт явуулж,  баривчлах, эрүүлжүүлэх, цагдан хорих байруудад үзлэг шалгалт явуулж, ард иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч, ажиллаж байна. Тус аймагт уул уурхайн компаниудыг дагасан нүүдэл, шилжилт хөдөлгөөн, Улаанбаатараас Өмнөговь аймгийг зорих хүнд даацын тэрэгнүүдийн хөл хөдөлгөөн ихэсч, шороо тоос бужигнан тус аймгийнхны эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдах болсныг аймгийн төвөөс холгүй олон салаа замууд, хүнд даацын машины хөл хөдөлгөөн гэрчилж байна. Цэвэр усны нөөц багатай говь нутагт аймгийн ундны усыг хадгалж хамгаалах асуудал хүндрэлтэй, усны төв цэгийн хажууханд нь хятадууд уул уурхайн хайгуул, олборлолт эрхлэхээр зэхэж байрлах болсон зэрэг асуудал олон байв.

Гэмт хэрэг гаралтын тоогоороо улсдаа гайгүйд тооцогддог тус аймаг сүүлийн үед уул уурхайн бүс нутгийг зорих олны дамжин өнгөрөх цэг болж, үүнтэй уялдан гэмт хэргийн тоо ч нэмэгдэх хандлагатай, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх, хүчингийн гэмт хэрэг ихэссэн байна.

Иргэдийн дунд хууль эрх зүйн мэдлэг ойлголт, сурталчилгаа төдийлөн сайнгүй, шинээр батлагдсан хууль тогтоомжийн эх хувь хөдөө орон нутагт ирэх хүртлээ ихээхэн цаг хугацаа алддаг, цахим хэлбэрээр авсан хууль тогтоомжийг ашиглах боломжгүй зэрэг нь хуулийн байгууллагынхныг ажлаа явуулахад нь саад учруулдаг, энэ нь энгийн иргэдийн эрх ашгийг хөндөх тохиолдол ч гардаг аж. Энэ удаагийн арга хэмжээг Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл,  Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

“Хүнийн эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 23-29-ний өдрүүдэд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зохион байгуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж