Зэвсэгт хүчний 615 цэрэг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний 615 цэрэг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 90.5 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улс 2002 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний хоёр офицероо Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд илгээснээр энэхүү түүхийг эхлүүлжээ. Улмаар тухайн оныхоо арванхоёрдугаар сард Баруун сахар, 2005 онд Судан, 2006-2008 онд Этиоп, 2007-2009 онд Гүрж улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар нийт 62 офицерийг илгээсэн. Харин 2009 онд Чад, Төв Африкийн бүгд найрамдах улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гурван офицерийг штабын ажилтнаар бэлтгэн үүрэг гүйцэтгүүлжээ. Ин­гэс­нээр Монгол Улсын Зэвсэгт хүч­ний бие бүрэлдэхүүнээс 3455 нь гурван тивийн арван улсад үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар зургаан улсад 615 цэрэг албан үүргээ гүйцэтгэж байна.
Монгол Улс Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах болсноор тэдний ур чадвар дээшилж байгаагийн зэрэгцээ өөрийн улсын батлан хамгаалах сал­барт ч бэхжилтийг авчирч буй. Нөгөөтэйгүүр, Монгол Улс олон улсын тусламж дэмжлэгийг хүлээхэд энхийг сахиулагчдын оролцоо ямагт чухал шалгуур үзүүлэлт болсноор ирснийг Батлан хамгаалахын сайд тэмдэглэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн олонтаа хөндсөн асуудал нь энхийг сахиулагчдаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй байгааг сануулж, ийм уй гашуу тохиолдоход ар гэрт нь хэдий хэмжээний нөхөн төлбөр ногдуулдгийг лавласан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатарын тайлбараар ийм зовлон тохиолдоход ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр болгож, 50 мянган ам.доллар олгодог байна. Өнгөрсөн хугацаанд энхийг сахиулагчдаас хоёр нь харамсалтайгаар амиа алдсан. Нэг нь амралтын цагаараа зүрхний шигдээс өвчний улмаас, хоёр дахь нь суурь өвчний улмаас архаг сүрьеэ өвчин гэсэн оноштойгоор уушгины хатгалгаагаар амиа алджээ.
Мөн Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг дайчдаа илгээснээс хойшхи хугацаанд тодруулбал, 2010 оны нэгдүгээр сарын байдлаар авч үзвэл уг ажиллагаанд нийтдээ 15 тэрбум төгрөг зарцуулж, НҮБ-аас 12 сая ам.доллар авсан байна.НҮБ-аас авсан мөнгөний тодорхой хэсгээр хоёр ч батальон байгуулж, цэрэг дайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор 50 айлын орон сууц барихад зарцуулжээ. Гэхдээ энхийг сахиулах үйл ажиллагааны энэхүү өртөг зардлыг эдийн засгийн аргачлалаар их бага гэж тооцох нь учир дутагдалтай. Улсынхаа аюулгүй байдлыг хангах талаас илүү харж, асуудалд хандах ёстой гэсэн утга бүхий санааг Батлан хамгаалахын сайд Л.Болд гишүүдэд сануулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн бас нэг чухал санаа нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон дайчдыг тэтгэвэрт гарахад нь бусдаасаа өндөр тэтгэвэр тогтоолгодог байх, тэрхүү эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөх нь чухал гэсэн санааг гишүүд тавьсан. Хэлэлцүүлэг цаашид шат шатанд үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж