Ус хий шороо гал модноос бүрдсэн хүний шүлэг

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ус хий шороо гал модноос бүрдсэн хүний шүлэг


Амжиж ирэх алдар нэрийг хүлээж
Мөдхөн барагдах мөнгө зоосыг зарна
Уг нь би хүн
Ус, гал, хий, мод, шорооноос бүрдсэн
Ургамал, биологийн төрөл зүйл
Өнөөдөр би 38 хүрлээ
Аз байвал 40 хүрнэ
Ухаан сууж, бүгдэд таалагдана
Өглөө гараад орой харина
Оюун санааны эцэг Бадрал
Ойворгон илжиг Дашмөнх
Жинхэнэ монгол Энхээ
Жижигхэн Батхуяг
Галзуурч үхэх Галсансүх
Гарцаагүй нөхөр Бажо
Аль алинд нь би бий
Анд нөхөд минь тэд
Үхэл надаас айсандаа
Улаанбаатараас 40 бээрийн зайд
Дагжин чичирдэг.
Жинхэнэ blues яруу найргийн төлөө
Жилдээ нэг удаа төрсөн өдрөөрөө уух
Үхэх
Жирийн хүн би
Азтай хүн би
Намар ирэхээр
Аюулгүй байдалд заналхийлж
Намайг нөгөө ертөнц рүү чангаадаг
Уг нь би хүн
Ус хий шороо гал модноос бүрдсэн
Энэрэнгүй сэтгэлийг
Элгэнд минь нааж
Нигүүлсэнгүй сэтгэлийг
Нүдний шил шиг зүүлгэсэн
Уг нь би хүн
Би өнөөдөр
38 нас хүрнэ.

Г.Ням-Очир
ахын маань орчлонд мэндэлсэний өдөр өнөөдөр тохиож буй ажээ. Эл өдөртөө
зориулж ийм нэгэн шүлэг халиасныг нь дэлгэлээ. Түүний бичлэгүүд энэ
блогт тавигддагийг уншигч нөхөд маань мартаагүй биз ээ. Дашрамд ахдаа 38
насыг гунил үгүй туулахын, зуун насыг зуугаад буцахын ерөөл тавъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж