Шонхор барих үйл ажиллагаанд хяналт тавьж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Шонхор барих үйл ажиллагаанд хяналт тавьж байна

Архангай аймгийн БОАЖГ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр сумдад Мэргэжлийн хяналтын газартай хамтран шалгалт хийж байна.  БОАЖ-ын сайдын 205, 411 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, хууль дүрэм журмыг сурталчлах зорилготой ажлын хэсэг гаран дээор сумдад шонхор шувуу барихаар ажиллаж байгаа гадаадын иргэдийн үйл ажиллагаанд байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нартай хамтран хяналт тавьж, хяналтыг цаашид сайжруулах талаар үүрэг чиглэл өгчээ.

Өгийнуур сумын Өгий багийн нутаг Цагаан хөтөл, Хөөврийн зүүн хойд энгэр, Тоглох багийн Улаан толгойд байрлаж буй хоёр отог, Батцэнгэл сумын Хөнөг багт Азарга, Хөнөг зэрэг газарт байрлаж байгаа отгуудын үйл ажиллагаанд хяналт тавьсан байна. Өгийнуур сумын Хөөврийн зүүн хойд энгэрт байрлаж байсан 20110002 тоот гэрээт отог зөрчилгүй ажиллаж, байрласан газар нутгаа цэвэрлэн сумын удирдлагуудад акт, протоколоор хүлээлгэж өгөөд буцсан байна. Мөн Цагаан хөтөлд байрласан 2011004 тоот гэрээт отог үйл ажиллагаагаа хэвийн явуулж, буцах бэлтгэлээ хийж байлаа. Отог 12 шонхор барьсан, буцахдаа зарим шонхрыг акт үйлдэн буцааж тавина гэсэн мэдээлэл өгчээ.

Харин шалгалтын үеэр Тоглох багийн нутагт байрлаж буй 20110009 тоот гэрээт отог сум орон нутагтай гэрээ байгуулаагүй, шонхор барих тээврийн хэрэгсэлд наалт тэмдэг наалгүйгээр идлэг шонхор барьж байсан зөрчлийг таслан зогсоож, бие төлөөлөгч Саеед Алмалайд ан агнуурын тухай хуулийн дагуу 280400 төгрөгийн торгууль ногдуулж төлбөрийг барагдуулсан байна.

Идлэг шонхор барих гэрээ байгуулагч этгээдийн мэдэлд ажиллаж буй отгийн тоо, ахлагчийн нэр зэрэг нь тодорхой бус, авто тээврийн хэрэгсэлд тусгай наалт тэмдэг наагаагүй зэрэг нийтлэг дутагдлууд хяналт шалгалтын явцад илэрчээ. Иймд отгуудын ахлагч нарт Монгол Улсын хууль дүрэм, холбогдох журмыг мөрдөн ажиллаж, мэдээ тайлангаа тогтмол өгөхийг үүрэг болгожээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж