Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху Палестины удирдагч Махмуд Аббастай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр шууд хэлэлцээр хийх санал гаргалаа. Махмуд Аббас үүний өмнө Натаньяхутай хэлэлцээр хийх хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан авч Палестины хувьд тусгаар байдлаа НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх асуудал илүү чухлаар тавигдаж байгаа юм. Газар нутгаас Израйльчуудыг гаргаж, бие даасан улс болох Палестины оролдлогыг Израйль улс болон холбоотон АНУ тууштай эсэргүүцэж, дипломат аргаар саад хийсээр байгаа билээ. Израйль Палестин улсууд энхийн хэлэлцээрээ өнгөрсөн жил цуцалсан юм. Палестинчууд 1967 оны хилийн шугамыг сэргээж, тусгаар улс болохоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж байгаа юм. 1967 оны хилийн шугамыг дахин сэргээснээр зүүн Йерусалим, Йорданы баруун эрэг, Газын зурвас Палестины мэдэлд очих юм. Израйль Палестины талууд энхийн хэлэлцээр байгуулахаар хичээж байсан авч тухай бүрт мухардалд орж байсан билээ. Палестины удирдагч Махмуд Аббас тус улсын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрүүлэхээр өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хүсэлтээ албан ёсоор тавьж, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд албан захидал илгээсэн байна. Хэрэв Бан Ги Мүн хүсэлтийг хүлээн авбал, Аюулгүйн зөвлөлөөр дахин хянан хэлэлцэх юм. Палестин тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд НҮБ-ын зөвлөлийн 15 гишүүн орны дор хаяж есөн саналыг авах шаардлагатай ажээ. Харин байнгын гишүүн орны аль нэг нь хориг тавибал хүсэлтийг хэрэгсэхгүй болгох юм. Харин АНУ үүнд хориг тавихаа хэдийн мэдэгдсэн юм.
Н.Энх