Их ажлын дараа гэртээ ирж алжаал тайлан амарч суухдаа, тогтуун сайхан өглөө гүйж явахдаа эсвэл гудамжинд алхах зуураа дэлхийн сонгодог зохиолыг сонсоод явах боломжтой боллоо. Хол ойрын аялал, аян замын уртад авто машиндаа дэлхийн уран зохиолыг сонсч явбал харин ч ажил амралтаа хослуулан, бас цаг хэмнэх сайхан завшаан бус уу. Дэлхийн сонгодог зохиолуудтай хараахан танилцаж амжаагүй яваа хэн бүхэнд зориулан “Монсудар” хэвлэлийн газар, МҮОНРадиотой хамтран “1001 Шөнийн үлгэр”, “Чонон сүлд”, “Керри эгч”, “Саран хөндий”, “Шадар гурван цэрэг”, “Танихгүйн эмэгтэйн захидал”, “Зэр зэвсэг” зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог ном болгон худалдаанд гаргаад байна. Эдгээр дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номыг манай өгүүлэхүйн ухааны мастерууд болох Д.Билгээ, Г.Равдан, О.Оюун, Ө.Наранбаатар, Ш.Бямбацогт нарын олон уран бүтээлчдийн уншиж, чимэглэн найруулснаар сонсох юм.
Цаг заваар бага, ажлын ачааллаасаа болж тэр бүр номтой нөхөрлөж чаддаггүй хүмүүст зориулан гаргасан энэхүү сонсдог ном нь таны амралтын болон ажлын цаг гээд хором бүрт таньтай хамт байж, уран зохиолын гайхамшигт ертөнцөөр аялуулах аж. Сонсдог номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байгаа юм.
М.Дөл