Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үү?

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна. 66 дахь удаагийн энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ардчиллын бүлгийн  хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй оролцож байгаагаараа бидний хувьд онцлог юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Ардчиллын бүлгийн  хуралдааныг албан ёсоор нээж, үг хэлнэ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн өмнө тавьж буй зорилт, үйл ажиллагааг танилцуулан, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах дэмжлэг хүсэх, шинээр байгуулагдах Удирдах зөвлөлд гишүүнээр идэвхтэй ажиллахыг улс орнуудад уриалах нь эрхэм Ерөнхийлөгчийн хэлэх үгний гол цөм байх бололтой.

Жил бүр чуулдаг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудал, хөндөх сэдэв мэдээж хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг үйл явдал. Монгол Улсын хувьд 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тухайн үеийн "капиталист"  орнуудын эсэргүүцэлтэй тулгарч, арав гаруй жил НҮБ-ын гишүүн болох саналдаа хариулт хүлээсэн юм. Ингээд 15 жилийн дараа буюу 1961 онд Монгол Улс энэ байгууллагын босгыг алхсан байдаг.

Анх 1967 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд нар дээр дурдсан нэрсийн дарааллын дагуу оролцож байжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсын төлөөлөгчдөөс “Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай”, “Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ-ын 10 жилийн тухай”, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Далайд гарцгүй орнуудын асуудал” зэрэг тогтоолыг санаачлан батлуулж байсан юм. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Курт Вальдхайм, Перес де Куэльяр, Кофи Аннан болон одоогийн ЕНБД Бан Ги Мүн нар Монгол Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийж байсан удаатай.

Маргааш буюу есдүгээр сарын 21-нд эхлэх Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэг “Олон улсын маргааныг энхийн замаар шийдэхэд зуучлалын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд болох ажээ. Энэ сарын 21-27-ны хооронд үргэлжлэх Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр авч хэлэлцэх гол асуудлын нэг нь Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудал болж байгаа нь анхаарал татаж байна.

ОХУ, Арабын орнууд Палестины бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн энэ үед тус улсын үндэсний засаг захиргаа Ерөнхий ассамблейн чуулганаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд чуулганы өмнө захидал илгээсэн юм.

1948 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нацистуудад гадуурхагдаж дэлхийгээр тарж бутарсан Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон хэрэгтэй гэж үзсэн тул НҮБ-ын шийдвэрээр Палестины нутагт Еврейн суурин байгуулсан байдаг.  Түүнээс хойш Палестинчууд одоог хүртэл өөрсдийн газар нутгийг эргүүлэн  авахаар тэмцэж байгаа юм. Палестины одоогийн албан ёсны статус нь НҮБ-ын хагас гишүүн буюу ажиглагч орон юм. Палестиныг тусгаар улс болохыг дэлхийн 127 орон хүлээн зөвшөөрсөн ч АНУ, Израйль эсэргүүцсэн хэвээр байгаа тул энэ асуудал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн анхаарлын төвд байсаар байгаа юм.

Ерөнхий Ассамблейн 66 дахь чуулганы бусад халуухан сэдвээс дурьдвал, сэргээгдэх эрчим хүчийг бүх нийтийн хэрэглээ болгох, цөлжилт, хөрсний элэгдлийг бууруулах, ган гачигт нэрвэгдсэн орнуудын ядуурал, өлсгөлөн гуйланчлалыг арилгах асуудлууд байх бололтой. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд засаглал дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөөгийн эмэгтэйчүүдийг дэмжих асуудал хурцаар тавигдаж байна.

Ерөнхий Ассамблейн чуулганы энэ удаагийн ерөнхий хэлэлцүүлгийг Европын консулын ерөнхийлөгч Ван Ромпуй удирдана. Ерөнхий хэлэлцүүлэгт Европын комиссын ерөнхийлөгч Жосе Мануэль Барроссо, дэд ерөнхийлөгч Эштон, бүрэн эрхт төлөөлөгчид оролцох ажээ. Европын комиссын ерөнхийлөгч Жосе Мануэл Барроссо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хоёр талын хэлэлцээ байгуулж, гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүдтэй уулзах юм байна. Мянганы хөгжлийн зорилтыг боловсруулснаас хойш хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Европын комиссын бүрэн эрх эрхт төлөөлөгч Андрис Пиебалгс чуулганаар танилцуулах ажээ. Мянганы хөгжлийн зорилгууд гэдэг нь НҮБ-ын гишүүн 192 орон болон 23 орчим олон улсын байгууллагууд 2015 он гэхэд нийтээр хүрэхээр төлөвлөсөн ядуурлыг арилгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах гэх мэт хөгжлийн асуудалд чиглэсэн найман зорилгын бүрдлийг хэлж байгаа юм.

Бэлтгэсэн Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж