Ц.Шаравдорж: Намрын чуулганы бэлтгэл хангагдсан

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ц.Шаравдорж: Намрын чуулганы бэлтгэл хангагдсан

УИХ-ын намрын чуулган эхлэхэд ердөө 10 хүрэхгүй хоног үлдэж, гишүүд үндсэн ажилдаа нухлуулах цаг ойртсон ч Төрийн ордондоо тухалсан нь тоотой байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрээр бол есдүгээр сарын 15-наас УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан эхэлж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл, Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг урагшлуулах ёстой байлаа. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд байнгын хороодын хуралдаан зарлагдах нь байтугай ажлын хэсгүүдийнх ч болсонгүй. Тэр дундаа хаврын чуулганаар хамгийн их маргаан дагуулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг урагшлуулах үүрэг хүлээсэн зөвшилцөх ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хуралдаж, ойлголцолд хүрэх талаас хоёр талаасаа чармайлт гаргасангүй, намрын чуулгантай золгочихов.  Зуны гурван сард нэг ч удаа хуралдаагүй энэ ажлын хэсгийнхэн сүү саалийн цагаар гэдэгчлэн, Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлого, төсвийн тодотгол гээд сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд шийдлийг нь олох ёстой гурван ч томоохон төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх цаг хугацааны давхцал дор УИХ-ын Сонгуулийн хуулийг урагшлуулах үүрэг хүлээн ажиллах болж байна.

Иймд бид дээрх асуудлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос дараах асуултад хариулт авлаа.

-Намрын чуулган удахгүй эхэллээ, бэлтгэл хэр хангагдаад байна вэ. Олон гишүүн тойрогтоо ажиллаж байх шиг, бэлтгэл ажил бүрэн дүүрэн хангагдаагүйгээс гишүүд ажилдаа ирэхгүй байна уу, үгүй юу?

-УИХ-ын намрын чуулганы бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. УИХ-ын гишүүдийн ирцийн тухайд, 40 гаруй гишүүн Төрийн ордон болоод Улаанбаатар хотод ажиллаж байна. Харин 20-иод гишүүн орон нутагт сонгогчидтойгоо уулзаад, албан томилолттой явж байгаа бол 7-8 гишүүн гадаадад байна. УИХ-ын Тамгын газрын хувьд намрын чуулганы бэлтгэлийг хангуулаад үндсэндээ дууслаа. Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.  Зөвлөл хуралдсаны дараа УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон УИХ-ын даргын захирамж гарч таарна. Ингэхээр ямар асуудал нэгдүгээрт, ямар асуудал хоёрдугаарт хэлэлцэгдэх вэ гэдэг нь тодорхой болно. Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хувьд ерөнхийдөө бэлтгэл ажлаа хийж байна. УИХ-ын холбогдох хэлтэс,  албадууд ажилдаа орчихсон байгаа. Хэлэлцэх асуудал бэлэн болсон нөхцөлд байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана.

-Гэхдээ есдүгээр сарын 15-наас ажлын хэсэг, 20-ноос байнгын хороод хуралдах ёстой гэсэн чиг үүргийг УИХ-ын дарга хичээлийн шинэ жилийн дараахан өгсөн ч, өнөөдөр аль алиных нь хурал болсонгүй шүү дээ?

-Та нар битгий 15, 20-н гэдэг тоог бариад бай л даа. УИХ-ын гишүүдийн ирц янз янз л байна. УИХ-ын даргын хувьд энэ хугацаанд хуралдаж эхлэх  ёстой шүү гэж чиглэл өгснөөс биш, яг 15-ныхаа өдөр хуралд гээгүй. Ер нь бол ажлын хэсэг болоод байнгын хороодын хуралдаан хэлэлцэх асуудлын бэлтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Одоогоор бол байнгын хороодын ажлын алба УИХ-ын хэлтэс албадын ажлын хэсгүүд,  зөвлөл албад өөр өөрсдийнхөө хуулийн төсөл дээр ажиллаад бэлтгэл бол хангагдсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал  бэлэн болсон нөхцөлд байнгын хороод өөрт холбогдох асуудлын бэлтгэлийг хангах хүрээнд хуралдаж таарна.

-Тэгэхээр гишүүд ирэх долоо хоногоос “ажилдаа” орно гэсэн үг үү?

-Дараагийн долоо хоногийн даваа гаригаас УИХ дахь намын бүлгүүд, мягмар гаригаас байнгын хороод хуралдаж эхлэх болов уу гэж бодож байна.

-Аравдугаар сарын 1-нд намрын чуулган эхлэхэд хэлэлцэх асуудал бэлэн болж чадах уу?

-Чадалгүй яах вэ, долоо хоногийн өмнө шахам байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдаад эхлэхээр хангагдчихна шүү дээ.

-Хаврын чуулганыг хаах үед Д.Дэмбэрэл дарга “Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Тавантолгойн төсөл байна” гэж нэр заан нэрлэсэн. Гэхдээ одоо хэр нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогүй шинээр тогтоох тухай ярих болж байгаа нь, дарааллыг өөрчлөх гээд байна уу, үгүй юу?  

-УИХ-ын хаврын чуулганы дараахан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал гээд үндсэн найман асуудлыг тодорхойлсон захирамж гарсан. Юуны тэргүүнд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, жил бүрийн намрын чуулганаар хэлэлцдэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөл /2012 оны/, Төрөөс 2012 онд мөнгөний талаар баримтлах бодлого гэх мэт үндсэн баримт бичгийг хэлэлцэхээр заасан. Үүн дээр нэмэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиуд, дээр нь Газрын тухай багц хуулиуд байна. Эдгээр хуулиуд үндсэндээ хэлэлцэгдэнэ. Хэлэлцэх асуудал ерөнхийдөө обьемны цаг их зарах хуулиуд байгаа. Тийм учраас бэлтгэл ажлыг их сайн хангах ёстой үүний үндсэн дээр байнгын хороодууд өөрсдийнхөө чиглэлээр дүгнэлтүүдээ гаргах ёстой. Тэгээд УИХ-аар хэлэлцэх асуудалдаа орох ёстой болж байгаа.


Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж