Жүдо бөхийн отгон гавьяат М.Бундмаа спортын амжилтаа үнэлүүлж, төрийн эрхэм шагнал хүртсэний цайллагадаа хүндэт зочдоо урьж эхэлжээ. М.Бундмаагийн “Гавьяат тамирчин” цолны хүндэтгэлийн хүлээн авалт есдүгээр сарын 24-нд буюу ирэх бямба гаригт “Баянгол” зочид буудалд болох аж. Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Х.Эрдэнэт-Од гавьяатын дэлхийн медалийг ихэрлүүлсэн /эмэгтэй жүдочдын ДАШТ-ээс хүртсэн медалийг хэлэв/ тэрбээр энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулсан юм.
ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл, Зүүн Азийн АШТ-ий хүрэл медальт, дэлхийн оюутны “Универсиад” наадмын аварга энэ бүсгүй өдгөө жүдо бөхийн 52 кг-ын жинд дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа билээ.
Б.Энх