Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын хувьд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьцод дахин шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг тухай журмын дагуу БНСУ-ыг зорихоор болжээ.
Баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээш буюу допингийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг. Ингэхдээ тухайн бөхчүүдийн сорьцыг А, В гэсэн хоёр саванд савлан гэрээт лабораторид явуулдаг. Хэрэв А сорьцын эзэн хариуг хүлээн зөвшөөрөлгүй, B сорьцыг дахин шинжлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох зардлыг өөрсдөө хариуцан БНСУ-д биеэр очиж, B сорьцын шинжилгээг хийлгэх ёстой байдаг.
Эдгээр бөхчүүд БНСУ руу явсан эсэхийг МҮОХ-ны мэргэжилтэн Н.Цогтсайханаас тодруулахад, “Хоёр бөхийн B сорьцод шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг БНСУ-ын лабораторид мэдэгдсэн байгаа. Лабораторийн зүгээс аравдугаар сарын 5 гэхэд бөхчүүдийг БНСУ-д ирсэн байх ёстой гэсэн хугацаа хэлсэн. B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөхчүүд энэ удаагийн шинжилгээний зардлыг өөрсдөө бүрэн хариуцах ёстой. Ямартай ч бидэнд мэдэгдсэнээр бол хүсэлт гаргасан хоёр бөх БНСУ руу явахаар визаны асуудлаа хөөцөлдөж байгаа гэсэн. Аравдугаар сарын 5-ны үед B сорьцын шинжилгээг хийх тул ирэх сарын дундуур эцсийн хариуг Монголын талд мэдэгдэх байх” гэлээ.