“Атрын 3” аянтай зэрэгцэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Атрын 3” аянтай зэрэгцэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ

Монгол Улсын Засгийн газар “Атрын 3” аян зарлаж, хэрэгжүүлснээр газар тариалангийн салбар сэргэж, эх орны хөрсөнд ургасан улаан буудай, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахаар болоод байгаа. Тэгвэл одоо мал аж ахуйн салбараа хөгжүүлэх хөтөлбөрийг өрнүүлж байна. “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан эхлүүллээ. Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” ч хэмээн тодотгож болох юм.

Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо. Мэдээж энэ буруу зүйл биш. Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосроно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан энэ хөтөлбөр хэлээд байгаа юм. Нөгөө талаар энэ өрсөлдөөнд оролцохын тулд монголчууд бид эрүүл байх учиртай.

Тэгвэл монгол хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, бүр томоор хэлбэл, улс үндэсний маань аюулгүй байдал бидний идэж ууж буй хоол хүнснээс хамгийн их шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард маань эрүүл байх учиртай. Эрүүл монгол хүн улс орноо хөгжүүлнэ. Тиймээс бидний хөгжлийн үндсийн үндэс нь эрүүл мал. Мал сүргээ эх орны маань шавхагдашгүй баялаг ТАВАН-ЭРДЭНЭ хэмээн тодотгож мал сүргээ эрүүлжүүлэх ажлыг “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг өнгөрөгч амралтын өдрүүдэд орон даяар эхлүүллээ.

-Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна-

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч бямба гаригийн амралтын өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн малчны хотонд очиж, “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд” малд паразит өвчнөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлэх, малыг ээмэгжүүлэх болон бүртгэлд хамруулах ажлыг хэрхэн эхлүүлж байгаатай газар дээр нь танилцсан юм. 

Төв аймгийн 9400 гаруй малчны нэг, Зуунмод сумын Улаан хад гэдэг газарт намаржиж байгаа мянгат малчин Л.Лхам гуайтай малаа эрүүл байлгах төрийн бодлогын талаар яриа хөөрөө өрнүүлэх зуураа Ерөнхий сайд С.Батболд “Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард маань эрүүл байх учиртай. Эрүүл монгол хүн улс орноо хөгжүүлнэ, бидний хөгжлийн үндсийн үндэс нь эрүүл мал байгаа юм гэсэн билээ. Мөн тэрбээр “Монголын Засгийн газар малчдаа дэмжинэ ээ. Та бүхэн маань хүнд хөдөлмөр эрхэлдэг, хүнд ажилтай хүмүүс. Бид малчин өрхийг үйлдвэрлэл эрхэлдэг нэгж, харин малчдаа мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч баталгаажуулна гэж гэрийн эзэнтэй хуучлах зуураа ярьж байлаа.

Мөн тэрбээр “Бид нэг жилд малдаа гурван удаа хүрэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах юм” гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван-Эрдэнэ” хөтөлбөр орон нутагт хэрхэн эхэлж байгаатай танилцсаныхаа дараагаар сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Энэ бол маш чухал арга хэмжээ болж байна. Улс орон хөгжинө гэдэг бол хүн ард маань эрүүл, эрүүл хүнс тэжээлээр хангагдсан байх ёстой. Эдийн засаг маань ганц уул уурхай биш өөр бусад салбарт тулгууртай байж хөгжинө.  Манай улсад уламжлалт бөгөөд орчин үеийн эрчимжсэн мал ахуй, газар тариаланд тулгуурласан хүчирхэг хөдөө аж ахуй хөгжих ёстой. Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой байж бид урагшилна аа. Шавхагдашгүй их ундаргатай хөдөө аж ахуй бол манай улсын том баялаг. Энэ баялгийн үндэс нь таван эрдэнэ болсон таван хошуу мал маань юм. Таван хошуу малаа өсгөж үржүүлэх, эрүүл байлгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллах үүрэгтэй. Малчдаа дэмжих “Монгол мал” хөтөлбөрийг УИХ баталж, Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ ажлын нэг хэсэг болсон малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг өнөөдөр улс орон даяар эхлүүллээ гэдгийг онцлоод Засгийн газар хөдөө аж ахуй мал сүргээ дэмжих бодлогыг цаашид ч мөн үе шаттайгаар хэрэгжүүлэх болно гэдгийг тэмдэглэсэн.

Малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг ангилалд багтаана

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхлүүлсэн “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг стратегийн орд газруудыг ашиглахаас дутуугүй ач холбогдолтой, алсыг харсан шийдвэр хэмээн мал аж ахуйн салбарын эрдэмтэд үзэж байна. Мал аж ахуйн салбараа дэлхийд өрсөлдөх чадвартай хүчирхэг салбар болгон хөгжүүлэх тулгуур нь малын эмч, малчид. Өөрөөр хэлбэл, тус салбарын тулгуур болсон малын эмч, малчдын хамтын ажиллагааны үр дүнгээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал, үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн ирээдүй шууд хамааралтай. Тиймээс ч нэгэн ухаантан “Хүний эмч бол хүнийг эмчилнэ, малын эмч бол хүн төрөлхтнийг эмчилдэг” хэмээн хэлжээ. Эндээс харахад мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэхээр хязгаарлагдахгүй. Хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,  хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулах талаар ч гэсэн үүрэг хариуцлага хүлээх учиртай болж байна. Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан малын эмч мэргэжилтнүүдийн улсын зөвлөлгөөнийг  өнгөрөгч бямба гаригт Соёлын төв өргөөнд хийлгэлээ. Эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 1400 гаруй малын эмч нарт хандаж Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ малын эмч, мэргэжилтнүүд эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэж боддог. Хөдөөгийн хүнд хэцүү нөхцөлд, дөрвөн цагийн эргэлтэд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэхүү нөхцөл нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байна. Тиймээс малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэсэн нь эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 1400 гаруй малын эмч нарын ажлыг дүгнэсэн, тэднийг баярлуулсан сайхан мэдээлэл болсон юм. Малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг бүх суманд хүргэх ажлыг ч мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлснийг Ерөнхий сайд зарлаад энэ ажлыг бүх малчин айл өрхөд хүргэх нь малын эмч нарын ажил гэдгийг хэлсэн юм.

“Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн үр дүн мал сүргээр дамжаад, малын ашиг шим, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэр аж ахуйн нэгж, Монголын бүх ард иргэдэд ач тусаа өгөх учиртай. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөрш орны Засгийн газрын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагийн дотор ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 375 сая рублийн үнэ бүхий 34,0 сая тун малын шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдваргүйжүүлэлтийн машин нийлүүлж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж