Замын цагдаагийн газрынхны гаргаж байгаа шийдэл, шийдвэрүүд нь хувирч өөрчлөгдөөд сонин юм аа. Саяхан л автобусны талд орчихсон замын нэгдүгээр эгнээг хамгаалалтанд аваад сүйд байсан. Яарч сандарсанаасаа болоод зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орсон жолооч нарыг тэр дор нь зогсоож, торгоод сүйд байв шүү. Нэгдүгээр эгнээгээр зорчсон машиныг торгож, автобусны жолооч нарын талд бат зогссон эрхэм цагдаа нар нэг л өглөө нийтийн тээврийн хэрэгслийн талд бус хувийн тээврийн хэрэгслүүдийн талд орчихсон автобусны жолоочийг торгоод зогсож байх юм. Ямар үед нь жижиг тэргийг торгож, ямар үед нь автобуснуудыг торгодгийг нь сүүлдээ ойлгохоо байв. Ухаандаа автобус нь нэгдүгээр эгнээгээрээ, бусад тээврийн хэрэгсэл хоёр, гуравдугаар эгнээгээр явах ёстой юм байх. Гэтэл даврах дуртай автобусны жолооч нар нэгдүгээр эгнээгээ голж хоёр, гуравдугаар эгнээг сонгосон нь торгуулах шалтгаан нь болж байгаа юм гэнэ. Ер нь Замын цагдаагийн газрынхны түгжрэлтэй тэмцэх санал, санаачилга болгон нь бүтэхгүй, сонин урвуу тогтолцоотой байгаа нь хэнд ашигтай вэ. Магадгүй өөрсдөд нь ашигтай харагдаж байна. Хэн нэгэн дарга нь түгжрэл сааруулах талаар бодож байгаад өөрийнхөө зөв гэсэн санааг хэрэгжүүлээд байгаа нь Улаанбаатарын замын түгжрэлийг улам ихэсгэдэг юм биш үү. Амьдрал дээр хэрэгжихгүй бөөн дүрэм, журам боловсоруулчихна. Түүнийг нь дагаж мөрдөөгүй хүн бүрийг торгуулиар айлгана. Ёстой бүдүүлэг. Машин зогсоогоод бичиг баримт шалгана. Зүгээр шалгаад өнгөрөхгүй бичиг баримт хармаалаад алхалчихна. Дагаад алхаад байх хэцүү, орхиод явчих бас хэцүү. Зүв зүгээр гэрэл дохиогоор ороод ирэхээр модны араас юм уу, сурталчилгааны самбарын араас гэнэт гарч ирнэ. Зүрх муутай, даралт өндөртэй хүмүүс бол ухаан алдаж унамаар шүү дээ. Гадны орны цагдаа нар лав ийм байдаггүй юм билээ. Манайхан л ажил хийх гэж холиож байгаа нь энэ байх даа. Ажил үйлс нь нэг л болж өгөхгүй байгаа хүн Хийморийн сан тавиулдаг гэнэ лээ. Тэгэхээр замын цагдаагийнхан бөөнөөрөө сууж байгаад сан тавиулсан нь дээр байх аа. Ажил үйлс нь сайжирч юуны магад.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин