Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхөд амжилтаараа хамгийн эхэнд эрэмбэлэгддэг дархан аварга бол Б.Бат-Эрдэнэ билээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн түүнд нутгийнхан нь итгэл хүлээлгэн 2004 оноос хойш парламентын гишүүнээр хоёр удаа сонгосон. Цагийг эзэлсэн их аварга учраас Хэнтийгээс ногоон гэрлээр гарч ирсэн гэхэд болно. Түүнийг анх улс төрд орж ирэхэд “Бөхөө барилдаад, наймаагаа хийгээд л  явж байхгүй дээ, аварга маань.” гэх хүн олон байсан. Гэвч тэр өөрөө хүссэн үү, өрөөл ч хүчилсэн үү ямар ч гэсэн УИХ-ын гишүүн болж чадсан юм. Ц.Нямдорж сайд хүртэл “ Яагаад бөх хүн улстөрч болж болохгүй гэж. Харин ч чуулганы танхимд сүр бараатай, сайхан биз дээ” хэмээн хэвлэлд ярьж тухайн үедээ хүмүүсийг гайхшруулж байсан  билээ. Ийм “ногооноороо” бай­сан үеэ бодвол Б.Бат-эрдэнэ авар­га өдгөө бас ч гэж хэлэх гэснээ хэл­чихдэг, Хууль зүйн байнгын хороог хүртэл толгойлоод үзчихсэн явна. Тэрбээр албан ёсоор зодог тайлаагүй боловч улс төрд орсноосоо хойш зүлэг ногоон дэвжээнээ төдийлөн үзэгдэхээ больсон юм. Төр түшилцэж буй улстөрч хүн урьдынх шигээ зодог шуудаг өмсчихөөд хөлсөө урсгаад зогсож байх нь зохимжгүй гэж бодсон биз. Бөхийн шинэ үе хүч түрэн гарч буй ийм үед нэгэнт л түрүүлж чадахгүй нь тодорхой учраас аль нэг аавын хүүд өвдөг шороодож л таарна. Энэ талаас нь харсан ч ард түмэнд тааламжтай санагдахгүй нь мэдээж. Лав л сүүлийн жилүүдэд Б.Бат-Эрдэнэ аварга наадмаар барил­даагүй юм. Харин Гиннесийн номд бүртгүүлэхээр 6002 бөх барилдуулж буй томоохон үйл явдалд тэр аваргын хувиар оролцож байна. Зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй “парламентын бөх” маань одоогийн байдлаар нэг даваад байна. Ойрын хэдэн жил түүнийг  бөхийн өмсгөлтэй нь хараагүй болохоор үүнийгээ тэрбээр “Ирэх сон­гуулийн өмнөх бас нэгэн гол сурталчилгаа нь болно” гэж тооцсон ч байж болох юм. Ухааны бяраар хүч үзэн, гурвантаа сонгуульд ялахын тулд биеийн бяраа ашиглах томоохон боломжийг хэн алдахыг хүсэх билээ.         

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж