Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бан Ги Мүнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бан Ги Мүнтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй НҮБ-ын төв байранд 2011 оны 9 дүгээр сарын 19-нд буюу өчигдөр уулзлаа. Ноён Бан Ги Мүн  Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн  мэнд хүргээд, Монгол бол хамгийн идэвхтэй гишүүн орнуудын нэг хэмээн  онцлов.

“Та бүхний ардчиллыг бэхжүүлэхэд олсон амжилтаар бид бахархаж байдаг.  Монгол Улс энэ жилээс  эхлэн Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа нь  өндөр нэр хүндтэй, чухал хариуцлагатай үүрэг юм. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсноос хойших энэхүү 50 жилийн хүрсэн  үр дүнд  танай ард түмэн болон  манай байгууллага  адилхан сэтгэл ханамжтай байдаг гэж бодож байна. Одоо бидэнд хамтран хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд чамгүй их байгаа. Тухайлбал энэ оны 4 дүгээр сард Монгол Улс, НҮБ-ын хамтран байгуулахаар тохирсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх талаар чармайн ажиллаж байна” гэж тэрээр хэлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Бан Ги Мүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргээд  Монгол Улсад энэ жил тохиож буй олон түүхт ойнуудын нэг болох НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ой монголчуудын хувьд  чухал болохыг нотоллоо. Тэрээр Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээнд ардчиллын боловсролыг дэмжих,   авлигыг үл тэвчих зэрэг олон улсын хэмжээний зарим санаачилгуудыг гаргаад байгаагаа дурьдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Бан Ги Мүнд хандаж зарим тодорхой саналуудыг дэвшүүлэв. Тухайлбал , Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  улсын хэмжээнд архины хэрэглээг бууруулах, архинаас татгалзах хөдөлгөөн өрнөөд  байгааг дурьдаад энэхүү санаачилгыг НҮБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын хүрээнд өрнүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. НҮБ-аас тамхи, мансууруулах бодисын хяналтын талаар суурь баримт бичиг гаргасан байдаг ч, архины эсрэг аливаа нэг конвенци, баримт бичиг байдаггүй бөгөөд энэхүү санаачилгыг дэмжиж байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга энэ үеэр илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-д ажиллаж байгаа монгол хүмүүсийн тоог нэмэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар 16 монгол хүн НҮБ-д ажиллаж байгаа нь  хамтын ажиллагааны 50 жилийн хугацаанд чамлалттай  гэдэгтэй хоёр тал санал нэгдэв. Уулзалтын үеэр харилцаа , хамтын ажиллагааны бусад асуудлаар, мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсын гаргаж байгаа санаачилга, идэвхтэй оролцоонуудыг дэмжиж ажиллахаа Ерөнхий нарийн бичгийн дарга дахин нотлов. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласнаас хойш 20 жил өнгөрч байгаа бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын дэмжлэгтэйгээр энэхүү үйл явдлыг тэмдэглэх олон улсыг хамарсан үйл ажиллагаа явуулж болох талаар мөн ярилцлаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж