”АНУ Пакистанаас нүүр буруулахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

”АНУ Пакистанаас нүүр буруулахгүй”

АНУ-ын Пакистан дахь Элчин сайд Камерон Мьюнтер www.pakistantime.net сайтад сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр Пакистан дахь АНУ-ын Элчин сайдын яам болон НАТО-гийн төв байр руу халдсан террористуудын талаар ярьжээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн амралтын өдөр  Пакистанд АНУ-ын ЭСЯ-руу болон НАТО-гийн төв байр руу террорист халдлага болсноос хойш нөхцөл байдал ямар байна вэ. Холбогдох хүмүүс АНУ болон НАТО энэ талаар “Арга хэмжээ авч байгаа” гэхээс өөр зүйл мэдээллэхгүй байгаа?

-Хатуухан хэлэхэд энэ бол Пакистаны сул дорой байдлын илрэл байх. Учир нь Пакистаны хойд хилийн ойролцоо буюу уулархаг нутаг дэвсгэрт байрладаг талибанчууд болон “Аль-Кайда” бүлэглэл хүссэн зүйлээ хийж байгаа нь Пакистаны армийн сул доройг л харуулж байгаа хэрэг. Одоогийн байдлаар НАТО өөрсдийн тусгай албаны цэргүүдийг Пакистан руу илгээсэн байгаа. Тэд АНУ-ын Пакистан дахь цэргүүдтэй хамтарч ажиллах талаар дөнгөж сая надад мэдэгдлээ. Манай улсын Элчин сайдын яам руу ийнхүү халдаж байгааг нь тэд өөрсдийн ирээдүйн зорилгыг илэрхийлж буй хэрэг гэж ойлгож байна.

-Энэ тал дээр Пакистаны Батлан хамгаалахын яамтай хамтарч ажил­лаж болдоггүй юм уу?

-Пакистан улсын Батлан хамгаалах яаманд жилийн өмнө “Террористгүй Пакистан” төслийн хүрээнд хамт­ран ажиллах санал тавьсан. Тэд тодорхой хариу өгөөгүй. Харин бид өөрсдийн хайж байсан “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладеныг Пакистанаас илрүүлж устгасан. Үүний дараа Пакистанаас өөрийн ажилчдыг татах, тэр ч бүү хэл Элчин сайдын яам аа “Хаах” хэмжээнд асуудал хурцдаж байсан. Яг үнэнийг хэлэхэд бид “Пакистан яагаад өөрөө терроризмтой тэмцэж болдоггүй юм бэ” гэдэг асуултанд толгой эргэж байна вэ. Эсвэл Пакистан өөрөө терроризмын үүр уурхай юм болов уу. Яагаад аливаа асуудал болгонд энэ улсын нэр байнга хамт яваад байна. Энэ бүхэн хүн болгонд ямар ойлголт төрүүлж байгааг би мэдэж байна.

-Та террористуудын “Хаккани” сүлжээний талаар юу мэдэх вэ?

-Энэ сүлжээг манай талаас Пакистаны Засгийн газар төдийгүй цэргийнхэнтэй холбоотой байж магадгүй гэж хардаж байгаа. Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яам болон НАТО-гийн байр руу террористууд халдаж, 15 хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Энэ бол “Хаккани” сүлжээний тусламжтайгаар хийсэн халдлага. Уг сүлжээтэй холбоотой нотлох баримтууд олдсоор байгаа.

-Террористууд уг халдлагыг Осама Бин Ладены үхлийн хариу  цохилт гэж мэдэгдсэн байгаа?

-Энэ тийм чухал гэж үү. Халдлага гарсан. Зорилго нь тодорхой. Харин “Хэн тэдэнд туслаад байна вэ” гэдэг нь хамгийн чухал зүйл. Пакистан уу, тэр сүлжээ нь үү, АНУ-ын урвагчид уу хэн байж болох уу. Яагаад Афганистанд биш Пакистанд томоохон халдлагууд болоод байна. Яагаад Иракаас биш Пакистанаас террористууд баригдах болов. Бид энэ улсад дутуу үлдээсэн, шалгах зүйл их бий гэдгийг Пентагон өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан удаатай. Харин Пакистаны зүгээс АНУ-ын Батлан хамгаалах яамтай хамтарч байгаа мэт дүр үзүүлэх нь утгагүй болов уу. Манай улсын Элчин сайдын яаманд халдаж байхад Пакситаны Засгийн газар юу хийв. Зүгээр л хараад суусан. 

-Таны бодлоор одоо тэгээд яах ёстой вэ?

-Өнгөрсөн арван жилийн хугацаанд АНУ-ын цэргүүд маш их хохирол амссан. Бид энхийг сахиулж, дэлхий дээр терроризмтой тэмцэгч “ардчилсан” орон гэдгээ батлах туйлын зорилготой. Тиймдээ ч энэ олон жил терроризмын үүр, уурхайг судалж, тодорхой хэмжээгээр зарим улсад томоохон боломж буюу эрх чөлөөг бий болгосон гэж ойлгож байгаа. Хүний эрхийг хамгаалсан. Эрх чөлөөг дээдэлсэн. Пакистанаас эхлээд исламын ихэнхи орны ард иргэдийг терроризмоос хамгаалсан. Бидэнд олон талын бэрхшээл тулгардаг гэд­гийг зарим улс ойлгодоггүй бололтой. Нэг террорист бүлэглэлийн сэжүүрээс атгатал өөр нэг улсын хууль, дүрэм хаалт болдог. Өөрөөр хэлбэл халхавч болдог. За тэгээд л олон улсын хуулийн дагуу, НҮБ-аас тухайн оронд нэвтрэх эрх гээд л бөөн асуудал. 

-Уучлаарай, таны яриаг та­салдуулсанд. “Хаккани” сүлжээг үүсгэн байгуулсан Жалалудин Хаккани болон түүний хүү Си­ражудин тус сүлжээг удирддаг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар Вашингтоноос өнгөрсөн долоо­дугаар сард мэдээлж байсан. Та энэ хүний талаар юу мэдэх вэ?

-Сонссон. Мэдээлэл төдий. Түүнийг 4000 гаруй дайчинтай, Афганистанд 2009 онд АНУ-ын Холбооны Мөрдөх товчооны долоон ажилтанг алсан гэж дуулсан юм байна. Одоохондоо өөр мэдэх юм алга. 

-Та саяхан Пакистаны Гадаад хэргийн сайдтай уулзсан. Тухайн үед Пакистаны хэвлэл, мэдээллээр “АНУ, Пакистаны ха­рилцаа сэргэж эхэллээ” гэх мэдээлэл цацагдаж байсан?

-Түүний байр суурь их энгийн. Хэлэх гэсэн гол санаа нь бидэнд тулгараад байгаа асуудлын гол зангилаа шиг санагдсан. Тэрбээр бидний байр суурийг сайн ойлгодог мэт сэтгэгдэл төрүүлсэн. Жишээ нь, Афганистан болон Пакистаны хилийн хойд уулархаг бүсэд орших арав гаруй сая хүний хэнийг нь террорист, хэнийг нь энгийн ард гэж ялгах юм. Уулаар нь самнаж, террористуудыг устгах гэхээр энгийн ард болоод НҮБ-ээс “тусламж” гуйх жишээтэй. Эсвэл гэнэт зэвсэг барин “Салам малейкум, Аллах” гэж орилж, хашгираад халд­лага хийх жишээтэй. Товчхондоо бид энэ нөхцөл  байдлаас л гарах арга замын талаар ярилцсан.

-Энэ бүхнийг дэлгэрэнгүй ху­ваалцсанд талархаж байна. Та­ны бодлоор Пакистаны зүгээс тер­ро­ристуудад ямар арга хэмжээ авах нь хамгийн зөв гарц вэ?

-Би АНУ-ын Элчин сайдын хувьд, миний ширээгээр дамжуулан энэ бүх мэдээллүүд орж гарч байдаг учир үнэнийг хуваалцлаа. Түүнээс биш би улс төр судлаач биш, ямар нэг шийдвэр гаргах түвшний том албан тушаалтан биш. Миний хувийн дүгнэлтийг та бүхэн зөвөөр хүлээж аваасай гэж бодож байна. Бид “Пакистан Осама Бин Ладен олдлоо” гээд энэ улсаас нүүрээ буруулаагүй. Бид харин ч цаашдаа хамтарч терроризмтой  тэмцэх юм бол цаг хугацааны талаасаа ч гэсэн ашигтай байж, үр дүнгээ хурдан өгөх байх гэж найдаж байна.   

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж