“Монголын малыг 100 хувь эрүүлжүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Монголын малыг 100 хувь эрүүлжүүлнэ”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Таван эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд энэ арга хэмжээг “Атрын III аян” хөтөлбөрийн дайтай ажил болохыг онцолсон. Энэ талаар яриагаа эхлэе?

-“Монгол мал” хөтөлбөрт малыг эрүүлжүүлэх тодорхой зорилт, түүнд үндэслэсэн заалтууд бий. Ер нь энэ хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жил гаруй хугацаанд багагүй үр дүнд хүрлээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлогыг орон нутгийн онцлогтой уялдуулж  хэрэгжүүлэх нэгжүүдийг бий бол­госон. Мөн сум бүрт буюу 329 сумд Мал эмнэлэг, үржлийн тасагтай болсон. Ер нь Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд гоц халдварт өвчний гаралтын үед авч хэрэгжүүлэх ажлыг төрөөс санхүүжүүлэх талаар тусгасан заалт бий. Харин өнөөг хүртэл малын өвчинтэй тэмцэх зардал нь бүрэн төсөвлөгддөггүй байсан. Тэгэхээр энэ нь бүх малыг эрүүлжүүлэхэд шаардагдах эм тариа, халдварт өвчнөөс хамгаалах урьдчилсан хам­гаалалт хийхэд бэрх болно гэсэн үг. Үүнээс болж нийт малын 30 орчим хувьд нь л эрүүлжүүлэх, хамгаалах үйлчилгээг хийж чаддаг байсан. Эрүүл бус малын бүтээгдэхүүнийг боловсруулахад түвэгтэй байдаг ч юм уу, экспортод гаргах боломжгүй зэрэг дам уршигууд бий. Тэгэхээр Засгийн газар өвөлжилтийн бэлт­гэлийг хангах 192 дугаар тогтоол, холбогдох ажлын хүрээнд олон санаачилга гаргаж байна. Тухайлбал, энэ оны есдүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд малыг эрүүлжүүлэх нэгдсэн арга хэмжээг хийхээр болж байна. Энэ нь “Таван эрдэнэ” арга хэмжээ юм.

-Энэ ажлын хүрээнд танай яам­наас ямар ажил хийж байна вэ?

-Малын халдварт празит өвч­нөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах эм, та­рианы санхүүжилтыг шийдэж, 100 хувь бүх малыг толгой дараалан эрүүл­жүүлье гэж байгаа юм. Харин үүнд шаардагдах хөрөнгийг улсын нөөцөөс гаргалгүйгээр манай яамны төсөвт зохицуулалт хийх замаар шийдэхээр болж байна. Товчхондоо хэмнэсэн зарим төсөв, зардлуудыг энэ арга хэмжээнд зарцуулна гэж үзэн 2.4 тэрбум төгрөгийг гаргахаар боллоо.

-Та нийт малын 30 орчим хувьд нь л эрүүлжүүлэх вакцин хийдэг гэж ярилаа. Энэ нь гадныхан манай түүхий эдийг худалдан авахгүй байх шалтгаануудын нэг  мөн үү?

-Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчин, тэр дундаа шүлхий өвчин он дараалан гарлаа. Үүнээс болж “Монголын нийт мал сүргийг халдварт өвчнөөр өвчилсөн” гэж гад­ныхан төдийгүй бид өөрсдөө хардаг болчихож. Энэ нь хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн экспортод асар их сөрөг нөлөө үзүүлсэн. Тэгэхээр бид монгол мал эрүүл гэдгийг зарлах зайлшгүй шаардлагатай бай­на. Зөвхөн дотооддоо бус гадны орнуудад үүнийг зарлаж, экспортоо нэмэгдүүлэх ёстой. Мэдээж бүх бүс, нутгийн малыг эрүүл гэж зарлах боломжгүй. Дээр хэлсэн эрүүлжүүлэх эм тарианы хангамж нийт малын 30 орчим хувьд л хүрэлцдэг шүү дээ. Гэхдээ эрүүл малтай бүс нутгууд бидэнд бий. Тодорхой хэлбэл баруун бүсийн таван аймаг, Хөвсгөл, Баянхонгор аймгийг оролцуулан нийт долоон аймаг мал, амьтны халдварт өвчингүй. Ерөөсөө сүүлийн таван жилийн хугацаанд энэ долоон аймагт шүлхий өвчин гараагүй. Гэтэл гадныхан ч, бид ч сүүлийн жилүүдэд байнга шүлхий өвчин гарсан зүүн бүсийн аймгуудтайгаа адилтгаж малын өвчлөлгүй аймгаа өвчлөлтэй болгож харагдуулаад байна. Тэгэхээр энэ эрүүл бүсээ яах вэ. Эрүүл гэдгийг зарлах ёстой. Тийм үү. Эхнээсээ үүнтэй холбоотой зарим ажлыг хийж байна. Тухайлбал эрүүл бүсүүдийнхээ талаар хол­богдох би­чиг, баримтуудыг Дэлхийн мал, амьт­ны эрүүл мэндийн бай­гууллагад хүргүүлээд байна. Энэ дагуу Дэлхийн мал, амьтны бай­гууллагын ирэх арванхоёр дугаар сард хийх чуулганаар Монгол Улсын зарим тодорхой аймгууд нь эрүүл бүс гэдгийг зарлана. Улмаар үүнд үндэслэн эрүүл бүсээсээ экспортыг түлхүү хийх бодлого баримтлана.

-Эндээс экспортын боломж гарвал цаашдаа бусад аймгуудад малын эрүүл мэндийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байх нь ээ?

– Өвөрхангай, Архангай, Өмнөговь гээд дээрх долоон аймаг шиг мал амьтны гоц халдварт өвчин гараагүй бүс байна. Үүнийг бид хязгаарлалтын бүс гэж нэрлэж байгаа. Яагаад гэхээр өвчлөл гарсан бүс нутгуудтай энэ аймгууд хил залгадаг. Тиймээс цаашдаа эрүүл бүс түүнтэй залгаа хязгаарлалтын бүсэд хараа хяналтаа чангатгаж, аажмаар бүх малыг эрүүл­жүүлэх арга хэмжээ авна. Мөн юун түрүүнд эрүүл бүс гэж нэрлээд байгаа аймгуудад малын түүхий эд, мах боловсруулах үйлдвэрүүдийг түлхий бий болгоно. Мөн Монгол Улсын бүх мал сүргийг эрүүлжүүлэх ажлын хажуугаар ээмэгжүүлэх, адууг хулгайгаас сэргийлж байршил тогтоогч жижиг дохиололтой болгох зэрэг төлөвлөсөн ажил байгаа.

-Гол нь малыг эрүүлжүүлэх, бүртгэх, хөдөө аж ахуйн түүхий эдийг экспортлох зорилготой арга хэмжээ юм байна. Тийм үү?

-Зөвхөн малыг эрүүлжүүлж, бүрт­гэх асуудлаас гадна хувийн мал эмнэлгийн нэгжүүд байна. Эд­гээртэй хамтарч ажиллана. Өнөөд­рийн байдлаар улсын хэмжээнд 776 хувийн мал эмнэлэг байгаа юм. Мал эмнэлэгүүдийг сум бүрт ажиллах боломжийг бүрдүүлнэ. “Таван эрдэнэ” арга хэмжээ дөнгөж эхэлж байгаа болохоор цаашид тэдэнтэй холбоотой маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Малыг эрүүлжүүлэх ажлыг гардаж хийх хүмүүс нь тэд учраас тэдэнд хандсан ажлуудыг дэс дараатайгаар хийж, орхигдуулаад байсан зарим бодлогыг боловсруулна.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж