Монголын анхны блог … 40000 жилийн настай

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Монголын анхны блог … 40000 жилийн настай

Блог гэж юу вэ? … Вовкагийн тухай нэг онигоо санаанд орчихлоо.
Багш ангидаа “Залхуу хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн зохион бичлэг
хийлгэж. Цаг дуусахад бүгдийнх нь дэвтрийг хураагаад өрөөндөө аваачаад
шалгаж гэнэ. Хүүхэд бүр л залхуугийн тухай янз янзаар бичсэн байжээ.
Харин Вовкагийн дэвтэрт юу ч байсангүй, хоосон үлдээсэн хуудасны хамгийн
дор харин “Залхуу хүн гэж үүнийг хэлнэ” гэсэн ганц өгүүлбэр байжээ.
Товч бөгөөд тодорхой …

Блог бол … одоо таны уншиж байгаа … миний бичсэн энэ тэмдэглэл юм Smile

Блог гэж Интернэт дээр байрлах тэмдэглэлийн дэвтэр сайтыг
нэрлэдэг. Ихэнх блог уншигчиддаа санал, бодлоо нэмж бичихэд нээлттэй,
интерактив бүтэцтэй байдаг. Орчин үеийн блогчид өөрийн блогтоо зөвхөн
бичээд зогсохгүй зураг, аудио, видеог өргөнөөр хэрэглэдэг билээ.

BlogPulse-ийн мэдээлснээр, 2011 оны 2-р сарын 16-ны байдлаар Интернэт дээр нийт 156 сая блог ажиллаж байна.

Интернэт
үүссэн цагаас л эхлэн түүн дээр Usenet, Compuserve, BBS, Mailing List
зэрэг хэрэглэгчид өөрийн бодол санаагаа бичиж бусадтай харилцан ярилцах
олон үйлчилгээ хөгжиж ирсэн байдаг. Өнөөгийн бидний ойлгодог Блог буюу
Web Log –ийн энэ хэлбэрийг анх Swathmore College –ийнхан санаачилсан гэдэг юм.

Харин блог Монголд анх хэзээ үүссэн юм бэ?

Монголын Интернэт 1997 онд эхэлсэн. Түүнээс хойш … Анхны Интернэт блогийг хэн бичсэнийг мэдэхгүй юм байна.

Харин
Монголын анхны блогийг одоогоос 40 мянган жилийн өмнө нэр нь үл
мэдэгдэх нэг нөхөр бичиж үлдээснийг та одоо ч очиж уншиж болно. Тэр үед
Интернэт байгаагүй учраас тэр блогчин маань блогоо агуйн ханан дээр
бичиж үлдээхээс өөр аргагүй байсныг та лав ойлгоно биз Smile

Tsenkher aguiTsenkher agui 2

Ховд аймгийн Мандах сумын төвөөс 30 км орчим зайд Хойд цэнхэрийн агуй
гэж бий. Энэ агуйн ханан дээр Монголын нутгаас олдсон хамгийн эртний
буюу одоогоос 15-40 мянган жилийн тэртээ амьдарч байсан хүмүүсийн зурсан
гайхамшигтай сонин зургууд байдаг. Зурагт гацуур мод, арслан заан,
гөрөөс, янгир, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, нисэж яваа
шувууг гоёомсогоор дүрсэлсэн байдаг.

Харин тэр нөхөрт компьютер
байгаагүй учир блогийнхоо зурагнуудыг цахиур цүүцээр ханан дээр сийлж
дараа нь зос, шороон будгаар будаж өнгөлсөн байна. Энэ нь тэр үедээ
төдийгүй одоогийн бидэнд ч нэн гайхалтай график, мультимедиа бүтээл
болсон билээ Smile

Шөнө
дөл болж гэрийнхэн маань киногоо үзээд дуусч байх шиг байна. Би ч
блогоо дуусгалаа. Одоогоос 40 мянган жилийн өмнө нөгөө нөхөр маань, яг л
миний адил,  шөнө орой болсон хойно, анд явж ирээд амрангаа галын
гэрэлд сууж, ханан дээр блогоо бичиж байсан байх даа.

Бид
бүгдээрээ л “Би энд байв” гэж чулуун ханан дээр бичиж үлдээх дуртай. Энэ
нь бид бүгдэд маань л блог бичих ген цаанаасаа заяасан байна гэсэн үг.
156 сая хүн блогоо бичиж байна гэдэг үүний баталгаа биш гэж үү. Тэд
бүгдээрээ блогтоо, Facebook-ийнхээ Ханан (Wall) дээр, Google+ ийнхээ
Урсгалд (Stream) “Би энд байв” гэж тасралтгүй бичсээр сууцгаана.

Танд ч гэсэн блог бичих тэр ген байгаа. Бичээд туршаад үзээрэй. Тэгвэл та түүнийгээ олж харах л болно. 

http://www.enkhbat.mn/    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж