Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Орон нутагт, ялангуяа газар тариалангийн бүс нутгуудад ургац хураалтын ажил ид үргэлжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт зарим нутгаар цаг агаар сэрүүсч, цас орсон нь тариаланчдад бага зэрэг хүндрэл учруулаад авсан. Хөвсгөл, Архангай, Завхан, Булган зэрэг аймагт цас орсноос болж ургац хураалтын ажлыг түр хугацаагаар зогсоосон мэдээ ч байгаа юм. Одоогоор төмс, хүнсний ногоог хураах ажил дуусах тийшээ хандаж байгаа бол үр тариа хураалт дуусах хараахан болоогүй байгаа. Ямартай ч ургац хураалт дуусаагүй байгаа энэ үед Цаг уур, орчны шинжилгээний газраас “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна” хэмээн мэдээллээ. Тодруулбал, ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх нь ээ. Тиймээс малчид, тариаланчид нэг хэсэгтээ цаг агаарт  санаа зовохгүй байж болох ажээ.  Харин  зарим нутагт шөнөдөө 0-5 хэм хүйтэн хононо гэдгийг сануулъя. Ингээд энэ долоо хоногт цаг агаар ямар байх талаарх урьдчилсан төлвийг тоймлон хүргэе.

Баруун аймгуудын нутгаар өнөөдөр багавтар үүлтэй байх бөгөөд хур тунадас орохгүй. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байх юм байна. Төвийн болон зүүн аймгуудын нутгаар мөн л багавтар үүл гарч, хур тунадас орохгүй бөгөөд шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Харин Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байх ажээ.  Говийн аймгуудын нутгаар шөнөдөө нэг хэм градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна. Ямартай ч 1-2 хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй аж. Гэхдээ энэ сарын 22-24-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно гэдгийг тариаланчдад анхааруулж байна. Маргаашнаас 25-ныг дуустал  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм  хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж