“2014 оноос Ураны исэл үйлдвэрлэж эхлэх боломжтой”

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“2014 оноос Ураны исэл үйлдвэрлэж эхлэх боломжтой”

Ураны нөөц, баялгийн хэм­жээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсуу­дын  тоонд Монгол Улс зүй ёсоор ордог. Одоогоор74 мянган тонн ура­ны геологийн нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгэж аваад байгаа аж.  Гэхдээ энэ бол зөвхөн батлагдсан нөөц. Одоогийн  байдлаар Монгол Улсад уран олборлож, боловсруулж байгаа ганц ч компани байхгүй. Харин ураны ордуудыг ашиглахаар бэлтгэж байгаа хэд, хэдэн компани байгаа бөгөөд зарим нь Цөмийн энергийн газарт Техник эдийн засгийн үндэслэлээ ирүүлээд байгаа аж. Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхтөрөөс зарим асуултад хариулт авлаа.


-Уран ашиглах зөвшөөрөл ава­хаар гурван компани материалаа ирүүлсэн гэж байсан. ТЭЗҮ-тэй нь танилцаж дууссан уу?

-Одоогоор  “Гурван сайхан”  компани Хараат, Хайрхан ордуудыг ашиглахаар ТЭЗҮ-ээ ирүүлээд байгаа. Бид холбогдох материалтай нь танилцаж байна. ТЭЗҮ-ийг шаардлагатай түвшинд хийсэн эсэх талаарх танилцуулгыг холбогдох мэргэжилтнүүд бэлтгэж байгаа юм. Хэрвээ шаардлагатай түвшинд хийгдсэн байвал Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг ч зохион байгуулна. ТЭЗҮ-ийг зохих түвшинд хийгээгүй бол дахин боловсруулах үүргийг тус компанийнханд өгөх ёстой.

-Үлдсэн хоёр компанийн хувьд?

-Гурван булаг ордоос уран олборлохоор “CNNC” компани бэлтгэж байгаа. Ямартай ч ураны ордын нөөцийн тайланг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн. Харин ТЭЗҮ-ээ хараахан ирүүлээгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд ирүүлэх болов уу. Дулаан Уулын ордын ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд боловсруулж дуусгах ажлыг “Кожеговь” компани хийх ёстой. Одоогоор мөн л нөөцийн тайланг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцсэн байдалдтай байна.

-Нэр дурьдсан ордууд хэдий хэмжээний нөөцтэй юм бэ?

-Дээрх дөрвөн ордын ураны геологийн нөөц нийлээд 18 мянган тонн болно. 

-Та “ТЭЗҮ-ээ удахгүй ирүүлэх байх” гэлээ. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэзээ хэлэлцэх бол?

-Тухайн компаниуд ТЭЗҮ-ээ ирүүлсэн тохиолдолд энэ ондоо багтаагаад хэлэлцэх боломж бий.

-Компаниудын ирүүлсэн ТЭЗҮ-ийг баталчихлаа гэж бодоход олборлолтоо хэзээнээс хийж эхлэх бол?

-Боловсруулах үйлдвэр барьж дуусгах ажил гурван жил үргэлжилнэ гэж үзвэл 2014 оны сүүлч, 2015 оны эхэн үеэр ураны исэл үйлдвэрлээд эхлэх боломжтой. Олборлолт, боловсруулалтаа эхлүүлчихвэл дэл­хийн зах зээл дээр уранаа гаргаад эхэлнэ гэсэн үг.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж