Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Алт хэдий шарлавч үнээ үл алдана

 Алдартан хэдий халивч үйл хэрэг нь мөнх”

Хэлмэгдүүлэлт


“Зүтгэл тэмцлийг нь үнэлж мэ­дэх­гүй харанхуй эзний өмнө бөхийх хэрэггүй” Эзэн Чингис

Монгол Улсын нам төрийг 44 жил удирдсан Олон улсын энх тайвны нэ­рэмжит Жолиякурын шагналт Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар мар­шал Ю.Цэдэнбалын 95 насны ой дөрвөн тэгш түүхт их ойнуудтай давх­цан тохиож байна. Зууны манлай түүхт энэ суут хүн монгол төрийг Чингисийн дараа хамгийн олон жил удирдсан суутнаар тодорч түүхэнд тэмдэглэгдэж дэлхийд данслагдсан алдартан билээ.

Уулын сайхан хархираа нутагтай
Увсын цэнхэр тунгалаг мэлмийтэй

Увс нутгийн зон олон монгол түмэн энэ л нутгаас төрсөн энэ суут хүүгээрээ бахархаж бардамнахын зэ­рэгцээ өнөөдөр хүртэл үйл хэргийг нь хүндэтгэн дээдэлж хоймортоо залж хөшөө дурсгалд нь хүндэтгэл хай­­раа илэрхийлсээр үйл хэргийг мөн­­хөлж алдаршуулж хүндэтгэн хайр­­­ласаар байгаа билээ.  Монгол  төр зүт­гэсэн хүндээ харш хатуу гэсэн нэгэн хэлц үг  байдаг. Хүмүүнлэг ард­­­чил­­сан  нийгэм байгуулах зорилт тавьж өрнөсөн 1990 оны ардчилсан хувьс­галыг өмчлөгчид зууны энэ суут­ныг устгахгүй бол шинэ зууны эхлэл мон­голд болохгүй юм шиг, ардчилал  өрнөх­гүй юм шиг аашилж үйл хэр­гийг нь үгүйсгэн дэвсэлж эх орны төлөө зүтгэсэн хамтран зүтгэгчдийг нь “Той­рон хүрээлэгчид”-ийн хар данс жагсаалтад бичиж элдвээр хянаж, шалгаж, дарамт шахалт, до­ромж­­лол хүртээж нам төрийн албан ту­шаа­­лаас нь зайлуулж, нэр төр, хувийн өмч хөрөнгө, түүх дурсгал, ал­бан тушаалд нь бүдүүлгээр халдаж Ю.Цэдэнбалыг өвчтэй зовлонтой бай­хад нь хүний нутагт цөлж амь  насыг нь хорлож, сэтгэл санаагаар уна­ган егүүтгэж, авгай хүүхдийг нь халамжит эцэг, ханиа оршуулсан өдөр нь хууль хяналтыхан баривчлан байцааж хүний ёсыг дээдэлсэн ариун зарчим монгол жудгаа алдаж нүгэл хий­сэн хүмүүсийг монгол түмэн тэр цаг үеэс хэн бэ гэдгийг таниж мэд­сэн учир өнөөдөр “олигархи” хэмээн аалзны торонд орсон тусгай хангамж, бизнес, албан тушаалын бүлэглэлийн тойрон хүрээлэлд хам­рагдсан төрөөс төрсөн тэрбумтан ху­далч, мананд төөрсөн луйварчид гэж үзэх болжээ. Тэр гашуун үйл хэрэг мартагдаагүй монгол түмний зүрх сэтгэлд хоногшин үлджээ.Маршал Ю.Цэдэнбалтай хамтран Монгол эх орныхоо төлөө өөрсдийгөө мар­тан чөмгөө дундартал зүтгэсний эцэст Монголын түүхэнд “Тойрон хүрээ­лэгч” гэсэн дансанд бичүүлж бие сэтгэлийн дарамтыг ардчилсан  хэ­мээх сүүлийн 20 жил амссан тэдгээр эх орончид өнөөдөр нэр төр нь  цагаатгагдсаныг, намын гишүүнчлэл нь сэргэсэн эсэхийг амьд сэрүүн яваа зарим нь мэдэхгүй явж байна. Хүний нэр төрийг сэвтүүлчихээд мартана гэдэг ихээхэн бохир хүмүүсийн үйл­дэл мөн. Ерөөсөө нэр төрөө цагаатгах сэргээлгэх гэм хийгээгүй тэдгээр эрхэм хүмүүс тэдний үр хүүхэд, ах дүү, хамаатан, найз нөхөд “Тойрон хүрээлэгч” гэсэн хар дансанд орсноо санан гомдож явахаас “Нэр сэргэлээ, цагаадлаа” гэж баярлахгүй байх нь зүйн хэрэг юм. Энэ хар сүүдэр ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд өрнөж олон хүнийг дайрсан юм.Энэ явдал түүхэд нэгэнт бичигдсэн учир мартах ёсгүй. Ю.Цэдэнбалын “Тойрон хү­рээлэг­чид”-ийг Монгол Улсын хууль хяналтын бүх хүчээр шалгаад Мон­гол Улсын нэрийн өмнөөс олгосон бэлэг дурсгалын  зүйлээс 33 мянган  төг­­рөгийн зөрчил илрүүлсэнээ “Үзээ­­­гүй юмаа үзэж, хийгээгүй юмаа хий­лээ” гэж хөөрцөглөж бай­­сан хү­мүүс өнөөдөр төрийн өн­дөр­лөгийн зөөлөн олбогт шунаж тэмцэл хийсэн. Анархи зорилгодоо хүрч алт, деллер, банк санхүү зэрэг ул­сын бүх өмч хөрөнгийг үрэн таран хийж хувьчлал нэрээр хуваан идэж “тө­рөөс төрсөн тэрбумтан” гэж ард түмнээрээ цоллуулан байгаагаа гавьяа алдар мэтээр ойлгож монгол ухаа­наар хэлбэл “Нүүр нь шир, нүд нь шаазан” болж, бие биеэ сая саяар нь урамшуулж албан тушаалд тэр­бумыг хандивлаж, банкны нийт хад­галамжийн 90 хувийг эзэгнэн бү­хэл бүтэн дүүргээр нь үйлдвэр аж ахуйн газрыг худалдаж хувьчлаад авч байгаадаа ичихгүй байна. Ю.Цэ­дэнбалыг “тойрон хүрээлэгчид” гэ­­дэг нь түүнтэй хамтран зүтгэсэн хэ­дэн сайд дарга нар байгаагүй юм. Өнөө­дөр тэр ард түмэн ардчилалын 20 жилд жинхэнэ утгаараа хэлмэгдэж нийт хүн амын 70 хувьд хүртэл ядуурч, инфляци өсөж төрийн дарамт үйлчил­гээний үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж, эмзэг бүлгийнхнийг элгээр нь хэвтүүлсээр байна. Мон­гол түүхийн 70 жилд эх орныг дэл­хийн улс орны хөгжилтэй эгнэн жагсах хэмжээнд хүргэсэн ахмад үеийн­­хэн эмзэг бүлгийн жагсаалтад аль хэдийнээ “манан”-ийн Засгийн газ­­рын “1.5 сая төгрөг, тэтгэврийг гурав дахин өсгөнө” гэсэн амлалтанд хууртаж голоо тасартал нүдээ хө­хөртөл горьдож хүлээгээд нас нь хүрэх­гүй аавынхаа буурин дээр очиж чадахгүй, ардын наадмыг үзэж чадах­гүй, анагаах ухааны эмчилгээг хүр­тэж чадахгүй мянга мянгаараа хор­воог орхиж байна. Өнөөгийн төр “тэтгэ­вэрийг өсгөж зөрүүг арилгасан байхад эдгээр ах­мадууд хоёр, гуравхан жи­лийн да­раа дууссан байна” гэж муу ёрлож байна. Тэдгээр ахмадууд ихэнх нь хамрагдаагүй байна.  Хувьсгал хийж эх орныхоо хөгжил дэвшлийн тө­­­лөө хөлс цусаа урсган тэмцсэн ахмад үе Ю.Цэдэнбалын удирдсан нам төрийг тойрон хүрээлж 70 жи­лийн түүх хөгжил дэвшлийг бү­тээ­сэн юм. Ахмад үеийнхэн буу­рал тэр­гүүнийхээ буянтай үйл­сийг дурсаж хэзээ ч нэг төгрөг 50 мөнгөний мах идэхгүй болсноо мэ­дэрч алтан үеийг санагалзан хойч үеийнхэнд үлдээсэн газар шороо, эр­дэс баялаг, өмч хө­рөн­гийн хувийг өнөө­­гийн төрөөс нэ­хэн санаа байвч дуу нь тэнгэрт хүрэх­гүй дээшээ тэн­­гэр хол доошоо га­зар хатууг үзэж бай­на. “Дөрвөн хөл­­тэй адгуус, най­раанд орж наадамд тү­рүүлсэн зодог шуу­дагтанд өгч бай­гаа шинэ бая­чуу­дын зуу зуун сая төгрөгөө 100, 200, 1000 өрхөд өг­чих нь яав даа” гэж тэ­дэнд доромж­логдсондоо уушиг зүрх нь дэлдэн огшиж, омог хилэн нь бадарч стресст орж харвал зүрх нь хаагдан  хорвоог орхиж жин­хэнэ үйл хэрэг бүтээсэн ард түмэн энэ мэ­тээр хэлмэгдэлд өртсөөр байна. 20-р зууны Монголын гайхамшиг ба­хархал нийгмийн бүх салбарт их удирдагчийн төр барьсан тэр түүхэн он жилүүдэд тодорч дэлхийд Монголын нэр цуурайтаж НҮБ гэх мэт олон улсын дансанд албан ёсоор бүртгэгдсэн юм. Зөв буруу ч хувь хүнийг хэлмэгдүүлэх үйлийг өөрөө үүрээд төгсөнө. Харин үйл хэргийг нь хэлмэгдүүлэх аваас түүхийг булшлах ноцтой үр дагаварт хүрдгийг ухаант хүмүүс ойлгож үйл хэрэг гавьяа алдрыг алдаршуулан дээдэлдэг нь монгол ухаан, монгол хүн чанарын ариун жудаг ёс билээ. Энэ зарчмаар маршал Ю.Цэдэнбалын хөшөө дурс­гал, нэрэмжит газарт  Олон улсын академи байгуулагдаад олон аймаг хотод салбараа нээж түүний үйл хэ­рэг гавьяа алдрыг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд өвлүүлэх, түүний амьдрал үйл ажиллагааны баялаг туршлага эх оронч өв сан түүхийг мартаж болохгүйг ойлгож дор бүрдээ дорвитой ажил өрнүүлж төрсөн өдрийн ойд нь дурсамж бэлэг барьж байна.

Ю.Цэдэнбалын хамгаалалтын албанд 10 гаруй жил зүтгэж өнөөдөр нэгэн төрийн бус байгууллагыг толгойлж буй өчүүхэн бичээч би бээр эл байдалд сэтгэл эмзэглэж 2010 онд төрсөн өд­рөөр тань Улаабаатар  хотод байдаг хөшөө дурсгалд тань очиж ах дүү, төрөл төрөгсдийн тань хамт хүндэт­гэл үзүүлснээс өөр юм  хийж чадах­гүй байгаагаа тэнгэрээс харж байгаа буурал удирдагчдаа толгой мэхийн 95 насны ойгоор тань илтгэж хүндэтгэн илэрхийлье.

Сайн амгалан болтугай
 МУСТА Я.Чүлтэм
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж