“Алт хэдий шарлавч үнээ үл алдана
Монгол Улсын нам төрийг 44 жил удирдсан Олон улсын энх тайвны нэрэмжит Жолиякурын шагналт Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын 95 насны ой дөрвөн тэгш түүхт их ойнуудтай давхцан тохиож байна. Зууны манлай түүхт энэ суут хүн монгол төрийг Чингисийн дараа хамгийн олон жил удирдсан суутнаар тодорч түүхэнд тэмдэглэгдэж дэлхийд данслагдсан алдартан билээ.
Уулын сайхан хархираа нутагтай
Увсын цэнхэр тунгалаг мэлмийтэй
Увс нутгийн зон олон монгол түмэн энэ л нутгаас төрсөн энэ суут хүүгээрээ бахархаж бардамнахын зэрэгцээ өнөөдөр хүртэл үйл хэргийг нь хүндэтгэн дээдэлж хоймортоо залж хөшөө дурсгалд нь хүндэтгэл хайраа илэрхийлсээр үйл хэргийг мөнхөлж алдаршуулж хүндэтгэн хайрласаар байгаа билээ. Монгол төр зүтгэсэн хүндээ харш хатуу гэсэн нэгэн хэлц үг байдаг. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах зорилт тавьж өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгалыг өмчлөгчид зууны энэ суутныг устгахгүй бол шинэ зууны эхлэл монголд болохгүй юм шиг, ардчилал өрнөхгүй юм шиг аашилж үйл хэргийг нь үгүйсгэн дэвсэлж эх орны төлөө зүтгэсэн хамтран зүтгэгчдийг нь “Тойрон хүрээлэгчид”-ийн хар данс жагсаалтад бичиж элдвээр хянаж, шалгаж, дарамт шахалт, доромжлол хүртээж нам төрийн албан тушаалаас нь зайлуулж, нэр төр, хувийн өмч хөрөнгө, түүх дурсгал, албан тушаалд нь бүдүүлгээр халдаж Ю.Цэдэнбалыг өвчтэй зовлонтой байхад нь хүний нутагт цөлж амь насыг нь хорлож, сэтгэл санаагаар унаган егүүтгэж, авгай хүүхдийг нь халамжит эцэг, ханиа оршуулсан өдөр нь хууль хяналтыхан баривчлан байцааж хүний ёсыг дээдэлсэн ариун зарчим монгол жудгаа алдаж нүгэл хийсэн хүмүүсийг монгол түмэн тэр цаг үеэс хэн бэ гэдгийг таниж мэдсэн учир өнөөдөр “олигархи” хэмээн аалзны торонд орсон тусгай хангамж, бизнес, албан тушаалын бүлэглэлийн тойрон хүрээлэлд хамрагдсан төрөөс төрсөн тэрбумтан худалч, мананд төөрсөн луйварчид гэж үзэх болжээ. Тэр гашуун үйл хэрэг мартагдаагүй монгол түмний зүрх сэтгэлд хоногшин үлджээ.Маршал Ю.Цэдэнбалтай хамтран Монгол эх орныхоо төлөө өөрсдийгөө мартан чөмгөө дундартал зүтгэсний эцэст Монголын түүхэнд “Тойрон хүрээлэгч” гэсэн дансанд бичүүлж бие сэтгэлийн дарамтыг ардчилсан хэмээх сүүлийн 20 жил амссан тэдгээр эх орончид өнөөдөр нэр төр нь цагаатгагдсаныг, намын гишүүнчлэл нь сэргэсэн эсэхийг амьд сэрүүн яваа зарим нь мэдэхгүй явж байна. Хүний нэр төрийг сэвтүүлчихээд мартана гэдэг ихээхэн бохир хүмүүсийн үйлдэл мөн. Ерөөсөө нэр төрөө цагаатгах сэргээлгэх гэм хийгээгүй тэдгээр эрхэм хүмүүс тэдний үр хүүхэд, ах дүү, хамаатан, найз нөхөд “Тойрон хүрээлэгч” гэсэн хар дансанд орсноо санан гомдож явахаас “Нэр сэргэлээ, цагаадлаа” гэж баярлахгүй байх нь зүйн хэрэг юм. Энэ хар сүүдэр ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд өрнөж олон хүнийг дайрсан юм.Энэ явдал түүхэд нэгэнт бичигдсэн учир мартах ёсгүй. Ю.Цэдэнбалын “Тойрон хүрээлэгчид”-ийг Монгол Улсын хууль хяналтын бүх хүчээр шалгаад Монгол Улсын нэрийн өмнөөс олгосон бэлэг дурсгалын зүйлээс 33 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэнээ “Үзээгүй юмаа үзэж, хийгээгүй юмаа хийлээ” гэж хөөрцөглөж байсан хүмүүс өнөөдөр төрийн өндөрлөгийн зөөлөн олбогт шунаж тэмцэл хийсэн. Анархи зорилгодоо хүрч алт, деллер, банк санхүү зэрэг улсын бүх өмч хөрөнгийг үрэн таран хийж хувьчлал нэрээр хуваан идэж “төрөөс төрсөн тэрбумтан” гэж ард түмнээрээ цоллуулан байгаагаа гавьяа алдар мэтээр ойлгож монгол ухаанаар хэлбэл “Нүүр нь шир, нүд нь шаазан” болж, бие биеэ сая саяар нь урамшуулж албан тушаалд тэрбумыг хандивлаж, банкны нийт хадгаламжийн 90 хувийг эзэгнэн бүхэл бүтэн дүүргээр нь үйлдвэр аж ахуйн газрыг худалдаж хувьчлаад авч байгаадаа ичихгүй байна. Ю.Цэдэнбалыг “тойрон хүрээлэгчид” гэдэг нь түүнтэй хамтран зүтгэсэн хэдэн сайд дарга нар байгаагүй юм. Өнөөдөр тэр ард түмэн ардчилалын 20 жилд жинхэнэ утгаараа хэлмэгдэж нийт хүн амын 70 хувьд хүртэл ядуурч, инфляци өсөж төрийн дарамт үйлчилгээний үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж, эмзэг бүлгийнхнийг элгээр нь хэвтүүлсээр байна. Монгол түүхийн 70 жилд эх орныг дэлхийн улс орны хөгжилтэй эгнэн жагсах хэмжээнд хүргэсэн ахмад үеийнхэн эмзэг бүлгийн жагсаалтад аль хэдийнээ “манан”-ийн Засгийн газрын “1.5 сая төгрөг, тэтгэврийг гурав дахин өсгөнө” гэсэн амлалтанд хууртаж голоо тасартал нүдээ хөхөртөл горьдож хүлээгээд нас нь хүрэхгүй аавынхаа буурин дээр очиж чадахгүй, ардын наадмыг үзэж чадахгүй, анагаах ухааны эмчилгээг хүртэж чадахгүй мянга мянгаараа хорвоог орхиж байна. Өнөөгийн төр “тэтгэвэрийг өсгөж зөрүүг арилгасан байхад эдгээр ахмадууд хоёр, гуравхан жилийн дараа дууссан байна” гэж муу ёрлож байна. Тэдгээр ахмадууд ихэнх нь хамрагдаагүй байна. Хувьсгал хийж эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөлс цусаа урсган тэмцсэн ахмад үе Ю.Цэдэнбалын удирдсан нам төрийг тойрон хүрээлж 70 жилийн түүх хөгжил дэвшлийг бүтээсэн юм. Ахмад үеийнхэн буурал тэргүүнийхээ буянтай үйлсийг дурсаж хэзээ ч нэг төгрөг 50 мөнгөний мах идэхгүй болсноо мэдэрч алтан үеийг санагалзан хойч үеийнхэнд үлдээсэн газар шороо, эрдэс баялаг, өмч хөрөнгийн хувийг өнөөгийн төрөөс нэхэн санаа байвч дуу нь тэнгэрт хүрэхгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатууг үзэж байна. “Дөрвөн хөлтэй адгуус, найраанд орж наадамд түрүүлсэн зодог шуудагтанд өгч байгаа шинэ баячуудын зуу зуун сая төгрөгөө 100, 200, 1000 өрхөд өгчих нь яав даа” гэж тэдэнд доромжлогдсондоо уушиг зүрх нь дэлдэн огшиж, омог хилэн нь бадарч стресст орж харвал зүрх нь хаагдан хорвоог орхиж жинхэнэ үйл хэрэг бүтээсэн ард түмэн энэ мэтээр хэлмэгдэлд өртсөөр байна. 20-р зууны Монголын гайхамшиг бахархал нийгмийн бүх салбарт их удирдагчийн төр барьсан тэр түүхэн он жилүүдэд тодорч дэлхийд Монголын нэр цуурайтаж НҮБ гэх мэт олон улсын дансанд албан ёсоор бүртгэгдсэн юм. Зөв буруу ч хувь хүнийг хэлмэгдүүлэх үйлийг өөрөө үүрээд төгсөнө. Харин үйл хэргийг нь хэлмэгдүүлэх аваас түүхийг булшлах ноцтой үр дагаварт хүрдгийг ухаант хүмүүс ойлгож үйл хэрэг гавьяа алдрыг алдаршуулан дээдэлдэг нь монгол ухаан, монгол хүн чанарын ариун жудаг ёс билээ. Энэ зарчмаар маршал Ю.Цэдэнбалын хөшөө дурсгал, нэрэмжит газарт Олон улсын академи байгуулагдаад олон аймаг хотод салбараа нээж түүний үйл хэрэг гавьяа алдрыг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд өвлүүлэх, түүний амьдрал үйл ажиллагааны баялаг туршлага эх оронч өв сан түүхийг мартаж болохгүйг ойлгож дор бүрдээ дорвитой ажил өрнүүлж төрсөн өдрийн ойд нь дурсамж бэлэг барьж байна.
Ю.Цэдэнбалын хамгаалалтын албанд 10 гаруй жил зүтгэж өнөөдөр нэгэн төрийн бус байгууллагыг толгойлж буй өчүүхэн бичээч би бээр эл байдалд сэтгэл эмзэглэж 2010 онд төрсөн өдрөөр тань Улаабаатар хотод байдаг хөшөө дурсгалд тань очиж ах дүү, төрөл төрөгсдийн тань хамт хүндэтгэл үзүүлснээс өөр юм хийж чадахгүй байгаагаа тэнгэрээс харж байгаа буурал удирдагчдаа толгой мэхийн 95 насны ойгоор тань илтгэж хүндэтгэн илэрхийлье.
МУСТА Я.Чүлтэм