АНУ-ын хямралаас болгоомжилсон Вэнь Зябао Европыг сонирхов

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын хямралаас болгоомжилсон Вэнь Зябао Европыг сонирхов

Вэнь Зябао Евро бүсийн эдийн зас­гийн хямралыг арилгахын тулд хөрөнгө гаргахаа мэдэгджээ. Гэтэл Хятадад олон гэр бүл өлөн зэлмүүн амьдарч, алслагдсан ядуу тосгоных нь хүүхдүүд сургуульдаа очихын тулд өдрийн талыг бардаг. Хятадын эрх баригчид тэднийг анхаарахын оронд чинээлэг европчуудын амьдралыг баталгаатай болгохын тулд санаагаа чилээж эхэлсэн бололтой. Гэхдээ үүнийг олон улсын тавцан дахь хүч нөлөөгөө нэмэх хүсэлтэй холбон тайлбарлаж болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн эргийн Даляан хотод нээлтээ хий­сэн Дэлхийн эдийн засгийн чуул­га уулзалтын үеэр Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао “Манай улс Евро бүсийн өрийн хямралыг тогтворжуулахын тулд энэ бүс нутгийн зарим орны Засгийн газрын бондыг худалдан авахад бэлэн байна. Бид Европ руу тусламжийн гараа сунгахад бэлэн” хэмээн мэдэгджээ. Хятадын эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ч мөн үүнтэй адил тайлбар хийсэн байна. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Хятадын Ардын банкны зөвлөх Ли Даокуй “Бид “Боинг”, “Интел”, “Apple” компанийн хувьцааг худал­дан авах сонирхолтой байгаа. Иймэр­хүү төрлийн компаниудад хө­рөн­гө оруулах нь илүү ашигтай байх болж. Харин АНУ-ын Сангийн яамнаас гаргаж буй бондын худалдаа тогтворжвол түүнийг дахин нэмж худалдан авахад дургүйцэх зүйл байхгүй” хэмээн онцолжээ.
Хятадын хувьд Герман, Франц тэр­гүүтэй орны Засгийн газрын ААА зэрэглэлийн бондын багахан хэс­гийг 200 тэрбум ам.доллараар ал­гуурхан худалдаж авсан билээ. Ха­рин ойролцоогоор 2.2 их наяд ам.доллараар АНУ-ын бондыг авсан гэх албаны мэдээ бий. Сүүлийн үед ам.долларын ханш суларч, хөрөнгө оруу­лагчид алтыг ихээр сонирхох болсон. Алтны үнэ тэнгэрт хадаж байгаагийн шалтгаан нь Хятадын эрх баригчидтай холбоотой гэх мэ­дээлэл “Викиликс”-ийн сайтанд гар­сан билээ. Тэд ам.долларыг үнэгүй­дүүлж, АНУ-ын эдийн засгийг хям­раахын тулд их хэмжээний алт ху­дал­дан авч эхэлсэн нь алтны үнийг хөөр­гөж орхижээ. Гэхдээ ам.доллар үнэ­гүйдэхийн хэрээр Хятадын Зас­гийн газрын мэдэлд байдаг ам.дол­лараар нэрлэсэн бондын өртөг нь ч буурах юм. Тиймээс шинжээчид Хятадын Засгийн газар алтны үнийг хөөргөж байгааг гайхах болсон. Харин Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Вэнь Зябаогийн хэл­сэн үг нь ам.доллараас хараат байхаа болих гэсэн оролдлогоос үүдэлтэй. Хэрэв Хятадын Засгийн газар АНУ-ын Сангийн яамны бондоос татгалзаж эхэлбэл тэр хэрээрээ ам.долларын нөөцөө багасгаж, бусад валютаар нэрлэсэн үнэт цаасанд хөрөнгө оруулж эхлэх юм. Ямартай ч хамгийн сүүлийн мэдээгээр Хятадын Засгийн газар Италийн бондыг худалдан авч магадгүй болжээ. Гэхдээ одоохондоо Евро бүсийн орнуудад өрийн хям­рал даамжирчихаад байгаа энэ үед бүх хөрөнгө оруулалтаа тийш нь хан­дуулах нь маш эрсдэлтэй. Хонконгод төвтэй “Финикс Сэтилит”-ийн тэр­гүүн Лиу Чангле “Хятад улс Евро­пын орнуудад тусламж үзүүлэх за­маар дэлхийн номер нэг эдийн за­сагтай орон болж болох юм. Гэхдээ тэнгэр нурж унахад номер нэг орон л түүнийг түшиж авдаг. Өөрөөр хэл­бэл, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болоход Хятад улс түү­нийг дааж чадахгүй гэсэн үг” гэжээ.

Хятадын хувьд нэг талаасаа ам.дол­лараас хараат байхаа болихыг эрмэл­зэж эхэлсэн. Нөгөө талаас АНУ-ын Засгийн газрын өр дээд хязгаартаа тулж, тус улсын зээлжилтийн зэрэг +АА болж буурчихаад байгаа энэ үед Хятадын эрх баригчид ирээдүйд учирч болох эрсдэлээс зайлсхийхийг хи­чээж байж болох юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр олон эдийн засагч АНУ-ын өрийн хямралыг эцэслэн зогсоох боломжгүй гэж дүгнэсэн билээ. Өмнө нь 1980-аад онд Рональд Рейган, Маргарит Тетчерийн үед болсон эдийн засгийн хямрал өнөөдрийнхтэй харьцуулахад харьцангуй хор хөнөөл багатай байсан хэмээн тэд тайлбарлажээ. Тиймээс Хятадын эрх баригчид АНУ-ын ба­талгаагүй бондыг худалдан авахаас татгалзаж эхэлсэн бололтой. Үнэхээр ч өнөөдрийн байдлаар АНУ-ын эдийн засаг хүнд байдалд орчихоод бай­гаа. Тус улсад аж үйлдвэрлэл буурснаас болж ажилгүйдэл ихэссэн. Үүнтэй зэрэгцээд 14.3 их наяд ам.долларын зээлтэй байгаа. Ийм үед Барак Обамагийн засаг захиргаа ажилгүйдлийг бууруулахын тулд дахин зээл авах, эсвэл эдийн засгаа сэргээхээс татгалзаж, зээлээ төлснөөр өрийн хямралыг шийдвэрлэх хоё­рын аль нэгийг нь сонгохоос өөр ар­гагүй болсон. Ирэх онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс үүнээс хамаараад эдийн засгийн бодлогоо улс төрийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж байгаа билээ. Үүнийг нотлох мэт Барак Оба­ма ажилгүйдлийг бууруулах ши­нэ төлөвлөгөө танилцуулж, Конг­рессоор хэлэлцүүлж байгаа юм. Ин­гэснээр АНУ-ын өрийн хямрал улам даамжрах нөхцөл бүрдэж байна. Эцэст нь тэдний зээлжилтийн зэрэг да­хин буурвал Хятадын Засгийн газ­рын мэдэлд байгаа ам.доллараар нэр­лэсэн бондуудын үнэ, цэнэ ч ба­гасах юм. Иймэрхүү хямралаас сэргий­лэхийн тулд Хятадын эрх баригчид Евро бүсийг сонирхох болжээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Бразилийн Ерөнхий сайд Гуйдо Мантега “БРИК-ийн ор­нууд хамтран Евро бүсийн бондыг худалдан авч магадгүй” хэмээн он­цолсон байна. Хэдийгээр Хятадын албаны хүмүүс энэ талаар ямар нэ­гэн тайлбар хийгээгүй боловч өм­нө нь бас иймэрхүү мэдэгдлүүд олон гарч байснаас үзэхэд тэд Евро бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бололтой. Гэхдээ энэ нь Грек, Испани тэргүүтэй орны бондын хүүг тогтворжуулахаас биш хямралыг нь эцэслэн шийдэх арга болж чадахгүй. Хэрэв Европын орнууд тэр чигтээ хямарвал Хятад тэргүүтэй БРИК-ийн орнууд ч мөн эрсдэл хүлээх болно. Үүнээс үүдээд тэд ойрын хугацаанд Европ руу хөрөнгө оруулах нь төдий­лөн оновчтой алхам болж чадахгүй гэж зарим эдийн засагч дүгнэжээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж