Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн эргийн Даляан хотод нээлтээ хийсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао “Манай улс Евро бүсийн өрийн хямралыг тогтворжуулахын тулд энэ бүс нутгийн зарим орны Засгийн газрын бондыг худалдан авахад бэлэн байна. Бид Европ руу тусламжийн гараа сунгахад бэлэн” хэмээн мэдэгджээ. Хятадын эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ч мөн үүнтэй адил тайлбар хийсэн байна. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Хятадын Ардын банкны зөвлөх Ли Даокуй “Бид “Боинг”, “Интел”, “Apple” компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой байгаа. Иймэрхүү төрлийн компаниудад хөрөнгө оруулах нь илүү ашигтай байх болж. Харин АНУ-ын Сангийн яамнаас гаргаж буй бондын худалдаа тогтворжвол түүнийг дахин нэмж худалдан авахад дургүйцэх зүйл байхгүй” хэмээн онцолжээ.
Хятадын хувьд Герман, Франц тэргүүтэй орны Засгийн газрын ААА зэрэглэлийн бондын багахан хэсгийг 200 тэрбум ам.доллараар алгуурхан худалдаж авсан билээ. Харин ойролцоогоор 2.2 их наяд ам.доллараар АНУ-ын бондыг авсан гэх албаны мэдээ бий. Сүүлийн үед ам.долларын ханш суларч, хөрөнгө оруулагчид алтыг ихээр сонирхох болсон. Алтны үнэ тэнгэрт хадаж байгаагийн шалтгаан нь Хятадын эрх баригчидтай холбоотой гэх мэдээлэл “Викиликс”-ийн сайтанд гарсан билээ. Тэд ам.долларыг үнэгүйдүүлж, АНУ-ын эдийн засгийг хямраахын тулд их хэмжээний алт худалдан авч эхэлсэн нь алтны үнийг хөөргөж орхижээ. Гэхдээ ам.доллар үнэгүйдэхийн хэрээр Хятадын Засгийн газрын мэдэлд байдаг ам.доллараар нэрлэсэн бондын өртөг нь ч буурах юм. Тиймээс шинжээчид Хятадын Засгийн газар алтны үнийг хөөргөж байгааг гайхах болсон. Харин Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Вэнь Зябаогийн хэлсэн үг нь ам.доллараас хараат байхаа болих гэсэн оролдлогоос үүдэлтэй. Хэрэв Хятадын Засгийн газар АНУ-ын Сангийн яамны бондоос татгалзаж эхэлбэл тэр хэрээрээ ам.долларын нөөцөө багасгаж, бусад валютаар нэрлэсэн үнэт цаасанд хөрөнгө оруулж эхлэх юм. Ямартай ч хамгийн сүүлийн мэдээгээр Хятадын Засгийн газар Италийн бондыг худалдан авч магадгүй болжээ. Гэхдээ одоохондоо Евро бүсийн орнуудад өрийн хямрал даамжирчихаад байгаа энэ үед бүх хөрөнгө оруулалтаа тийш нь хандуулах нь маш эрсдэлтэй. Хонконгод төвтэй “Финикс Сэтилит”-ийн тэргүүн Лиу Чангле “Хятад улс Европын орнуудад тусламж үзүүлэх замаар дэлхийн номер нэг эдийн засагтай орон болж болох юм. Гэхдээ тэнгэр нурж унахад номер нэг орон л түүнийг түшиж авдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болоход Хятад улс түүнийг дааж чадахгүй гэсэн үг” гэжээ.
Хятадын хувьд нэг талаасаа ам.доллараас хараат байхаа болихыг эрмэлзэж эхэлсэн. Нөгөө талаас АНУ-ын Засгийн газрын өр дээд хязгаартаа тулж, тус улсын зээлжилтийн зэрэг +АА болж буурчихаад байгаа энэ үед Хятадын эрх баригчид ирээдүйд учирч болох эрсдэлээс зайлсхийхийг хичээж байж болох юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр олон эдийн засагч АНУ-ын өрийн хямралыг эцэслэн зогсоох боломжгүй гэж дүгнэсэн билээ. Өмнө нь 1980-аад онд Рональд Рейган, Маргарит Тетчерийн үед болсон эдийн засгийн хямрал өнөөдрийнхтэй харьцуулахад харьцангуй хор хөнөөл багатай байсан хэмээн тэд тайлбарлажээ. Тиймээс Хятадын эрх баригчид АНУ-ын баталгаагүй бондыг худалдан авахаас татгалзаж эхэлсэн бололтой. Үнэхээр ч өнөөдрийн байдлаар АНУ-ын эдийн засаг хүнд байдалд орчихоод байгаа. Тус улсад аж үйлдвэрлэл буурснаас болж ажилгүйдэл ихэссэн. Үүнтэй зэрэгцээд 14.3 их наяд ам.долларын зээлтэй байгаа. Ийм үед Барак Обамагийн засаг захиргаа ажилгүйдлийг бууруулахын тулд дахин зээл авах, эсвэл эдийн засгаа сэргээхээс татгалзаж, зээлээ төлснөөр өрийн хямралыг шийдвэрлэх хоёрын аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй болсон. Ирэх онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс үүнээс хамаараад эдийн засгийн бодлогоо улс төрийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж байгаа билээ. Үүнийг нотлох мэт Барак Обама ажилгүйдлийг бууруулах шинэ төлөвлөгөө танилцуулж, Конгрессоор хэлэлцүүлж байгаа юм. Ингэснээр АНУ-ын өрийн хямрал улам даамжрах нөхцөл бүрдэж байна. Эцэст нь тэдний зээлжилтийн зэрэг дахин буурвал Хятадын Засгийн газрын мэдэлд байгаа ам.доллараар нэрлэсэн бондуудын үнэ, цэнэ ч багасах юм. Иймэрхүү хямралаас сэргийлэхийн тулд Хятадын эрх баригчид Евро бүсийг сонирхох болжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Бразилийн Ерөнхий сайд Гуйдо Мантега “БРИК-ийн орнууд хамтран Евро бүсийн бондыг худалдан авч магадгүй” хэмээн онцолсон байна. Хэдийгээр Хятадын албаны хүмүүс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй боловч өмнө нь бас иймэрхүү мэдэгдлүүд олон гарч байснаас үзэхэд тэд Евро бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бололтой. Гэхдээ энэ нь Грек, Испани тэргүүтэй орны бондын хүүг тогтворжуулахаас биш хямралыг нь эцэслэн шийдэх арга болж чадахгүй. Хэрэв Европын орнууд тэр чигтээ хямарвал Хятад тэргүүтэй БРИК-ийн орнууд ч мөн эрсдэл хүлээх болно. Үүнээс үүдээд тэд ойрын хугацаанд Европ руу хөрөнгө оруулах нь төдийлөн оновчтой алхам болж чадахгүй гэж зарим эдийн засагч дүгнэжээ.