Х.Цагаанбаатар БНСУ-д мэс засал хийлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар БНСУ-д мэс засал хийлгэлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өчигдөр БНСУ-д хөлөндөө мэс засал хийлгэлээ. Тэрбээр жил гаруйн өмнө баруун хөлний өвдгөндөө бэртэл авч, шөрмөс сунаж, сэмэрсэн гэж оношлуулсан ч Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/-ны дүрэм ёсоор тэмцээн бүрт оролцож, олимпийн эрхийн оноо цуглуулах шаардлагатай байсан тул эмчилгээгээ хойшлуулан, өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуулилт, тэмцээндээ анхаарлаа хандуулахаас аргагүй байсан юм. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Х.Цагаанбаатарын бэртэл улам сэдэрч, шөрмөс тасрах аюултай болсон тул Монголын шигшээ багийн болон БНСУ, Япон зэрэг орны эмч нарын зөвлөснөөр яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Хагалгаа өчигдөр орон нутгийн цагаар 14-17 цагийн хооронд үргэлжилсэн байна. Бид Х.Цагаанбаатарын биеийн байдлын талаар Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохтой холбогдож, тодрууллаа.

-Х.Цагаанбаатарын хагалгаа өчигдөр болсон байгаа. Тантай холбоо барьсан уу?

-Утсаар холбогдсон. Өчигдөр 14-17 цагийн үед мэс засалд орсон.

-Биеийн байдал нь ямар байна?

-Хагалгаа амжилттай боллоо гэж хэлсэн. Эмч нар нь ч гэсэн хагалгаа сайн болсон, айх аюулгүй гэж хэлсэн байна лээ. Мэдээж хэрэг, багшийн хувьд шавьдаа санаа зоволгүй яахав. Багш нь санаа зовоод ганданд ном уншуулаад явж байна.

-Хагалгаа хийлгэх орноо хэр судалсан бэ?

-Бид нэлээд ярилцсан. Х.Цагаанбаатар бол дэлхийн хэмжээний бөх, тэр тусмаа ирэх Лондонгийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох гол тамирчдын нэг. Тийм болохоор энэ хүний эрүүл мэнд, бэртэл гэмтлийн асуудал бидний хувьд маш чухал. Хэрэв одоо л хагалгаа хийлгэхгүй бол Х.Цагаанбаатарын шөрмөс тасрахад тун их ойртсон байсан. Дэлхийн аваргаар доголон хөлтэй барилдсан. Тэрнээс өмнөх тэмцээнүүдэд ч маш хүнд барилдаанууд хийж л байсан. Бэртлийн хувьд нарийвчилж хэлэх юм бол баруун хөлний өвдөгний доод талын холбоос шөрмөс сэмэрч, тасрах дөхсөн байсан. Х.Цагаанбаатарын бэртэл бидний хувьд маш их санаа зовоосон асуудал байсан нь мэдээж. Тиймээс ч бид хаана мэс засал хийлгэх вэ гэдгийг нэлээд судалсан. Хэд хэд орон руу өвдөгний зургийг нь  явуулсан. Ингээд ярилцаж байгаад БНСУ-ыг сонгосон. Өмнө нь манай хэд хэдэн тамирчны хагалгаа амжилттай болж байсан юм.

-Хэдий хугацааны дараа бэлтгэлээ хийж эхлэх боломжтой бол?

-Цаад тал 1-2 сар хэвтэрт байхыг зөвлөж байгаа. Дараа нь 1-2 сар хөнгөн бэлтгэл хийх боломжтой болох байх. Ямар ч байсан мэс засал хийлгэсэн энэ цаг үе бол Х.Цагаанбаатарыг Лондонгийн олимпийн өмнө эргэж ирэх хамгийн боломжтой цаг хугацаа. Өнөөдрөөс жаахан л хугацаа алдах юм бол олимпийн өмнө эргэж сэргэлт авч, хэвийн байдалдаа ороход хүнд. Мэдээж хагалгаанд орохгүй бол бүр хэцүү асуудал үүснэ.

-Хэчнээн төгрөгийн өртөгтэй мэс засал бол?

-Тэрийг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан БНСУ-д хэсэг хугацаанд байна. Түүний дараа эмчилгээний зардал хэдэн төгрөг болох юм бол. Ямар ч байсан хагалгааны зардлаа өөрөө хувиасаа гаргаад явсан. Хагалгааны зардлын асуудалд БТСГ, МҮОХ болон бусад байгууллагуудын зүгээс туслалцаа үзүүлнэ гэсэн. Тэдэнд итгэж байна.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж