-Х.Цагаанбаатарын хагалгаа өчигдөр болсон байгаа. Тантай холбоо барьсан уу?
-Утсаар холбогдсон. Өчигдөр 14-17 цагийн үед мэс засалд орсон.
-Биеийн байдал нь ямар байна?
-Хагалгаа амжилттай боллоо гэж хэлсэн. Эмч нар нь ч гэсэн хагалгаа сайн болсон, айх аюулгүй гэж хэлсэн байна лээ. Мэдээж хэрэг, багшийн хувьд шавьдаа санаа зоволгүй яахав. Багш нь санаа зовоод ганданд ном уншуулаад явж байна.
-Хагалгаа хийлгэх орноо хэр судалсан бэ?
-Бид нэлээд ярилцсан. Х.Цагаанбаатар бол дэлхийн хэмжээний бөх, тэр тусмаа ирэх Лондонгийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох гол тамирчдын нэг. Тийм болохоор энэ хүний эрүүл мэнд, бэртэл гэмтлийн асуудал бидний хувьд маш чухал. Хэрэв одоо л хагалгаа хийлгэхгүй бол Х.Цагаанбаатарын шөрмөс тасрахад тун их ойртсон байсан. Дэлхийн аваргаар доголон хөлтэй барилдсан. Тэрнээс өмнөх тэмцээнүүдэд ч маш хүнд барилдаанууд хийж л байсан. Бэртлийн хувьд нарийвчилж хэлэх юм бол баруун хөлний өвдөгний доод талын холбоос шөрмөс сэмэрч, тасрах дөхсөн байсан. Х.Цагаанбаатарын бэртэл бидний хувьд маш их санаа зовоосон асуудал байсан нь мэдээж. Тиймээс ч бид хаана мэс засал хийлгэх вэ гэдгийг нэлээд судалсан. Хэд хэд орон руу өвдөгний зургийг нь явуулсан. Ингээд ярилцаж байгаад БНСУ-ыг сонгосон. Өмнө нь манай хэд хэдэн тамирчны хагалгаа амжилттай болж байсан юм.
-Хэдий хугацааны дараа бэлтгэлээ хийж эхлэх боломжтой бол?
-Цаад тал 1-2 сар хэвтэрт байхыг зөвлөж байгаа. Дараа нь 1-2 сар хөнгөн бэлтгэл хийх боломжтой болох байх. Ямар ч байсан мэс засал хийлгэсэн энэ цаг үе бол Х.Цагаанбаатарыг Лондонгийн олимпийн өмнө эргэж ирэх хамгийн боломжтой цаг хугацаа. Өнөөдрөөс жаахан л хугацаа алдах юм бол олимпийн өмнө эргэж сэргэлт авч, хэвийн байдалдаа ороход хүнд. Мэдээж хагалгаанд орохгүй бол бүр хэцүү асуудал үүснэ.
-Хэчнээн төгрөгийн өртөгтэй мэс засал бол?
-Тэрийг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан БНСУ-д хэсэг хугацаанд байна. Түүний дараа эмчилгээний зардал хэдэн төгрөг болох юм бол. Ямар ч байсан хагалгааны зардлаа өөрөө хувиасаа гаргаад явсан. Хагалгааны зардлын асуудалд БТСГ, МҮОХ болон бусад байгууллагуудын зүгээс туслалцаа үзүүлнэ гэсэн. Тэдэнд итгэж байна.