О.Гүндэгмаа өнөөдөр онч мэргэнээ сорино

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа өнөөдөр онч мэргэнээ сорино

Дэлхийн тавцанд шигшигдсэн шилдэг мэргэн буучид Польшийн Вроцлав хотноо цуглаад байна. “Дэлхийн цом”-ын финалын тэмцээн өнөөдрөөс тус хотод эхэлж байгаа юм. Тэмцээнд өнгөрсөн жилийн “Дэлхийн цом”-ын финалын аваргуудаас гадна энэ жил болсон “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан шилдэг найман тамирчин өрсөлдөнө.

“Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд дэлхийн 31 орны 86 тамирчин  эрэгтэй, эмэгтэй урт буу болон спорт гар бууны төрөлд онч мэргэнээ сорих юм. Он гарсаар Сидней /Австрали/, Чанвон /БНСУ/, Форт-Беннинг /АНУ/ болон Мюнхен /Герман/ хотуудад “Дэлхийн цом”-ын дөрвөн цуврал тэмцээн болж, давтагдсан тоогоор 2400 гаруй тамирчин оролцсоноос  96 мэргэн бууч Лондонгийн олимпийн эрхээ гардсан. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа. “Алтай констракшн” компаниар овоглосон тэрбээр Форт-Беннингийн “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртэж, Чанвоны “Дэлхийн цом”-д финалдсан тул дээрх эрхийг хүртээд буй юм.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /хэвтээ байрлалаас/, 50 метрийн спорт гар буу болон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд аваргууд тодрох ба О.Гүндэгмаа үндсэн төрөл болох 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөх юм. Урьдчилсан дасгал Монголын цагаар 15.00 цагаас эхлэх бол шигшээ буудлага 19.00 цагаас эхлэх хуваарьтай байна.

Эмэгтэйчүүдийн спорт гар бууны дасгалд өрсөлдөх тамирчдыг танилцуулъя.

  1. Кира Климова /ОХУ/ – 2010 оны дэлхийн аварга
  2. Нино Салуквазе /Гүрж/ – 2010 оны “Дэлхийн цом”-ын финалын аварга
  3. Чень Ин /БНХАУ/ – Форт-Беннингийн “Дэлхийн цом”-ын аварг
  4. Олена Костевич /Украйн/ – Сиднейн “Дэлхийн цом”-ын аварга
  5. Юань Жин /БНХАУ/ – Мюнхений “Дэлхийн цом”-ын аварга
  6. Антоанета Бонева /Болгар/ – Чанвоны “Дэлхийн цом”-ын хүрэл медальт
  7. О.Гүндэгмаа /Монгол/ – Форт-Беннингийн “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт
  8. Мария Гроздева /Болгар/ – Мюнхений “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт
  9. Ленка Маршукова /Чех/ – Мюнхений “Дэлхийн цом”-ын хүрэл медальт
  10. Рахи Сарнобат /Энэтхэг/ – Форт-Беннингийн “Дэлхийн цом”-ын хүрэл медальт

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж