Г.Анхбаярын “Франц үнсэлт” өндөр үнэлгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Г.Анхбаярын “Франц үнсэлт” өндөр үнэлгээ авлаа

Анх “С1” телевизийн “АА” шоу нэвтрүүлгээр уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин Г.Анхбаяр өдгөө найруулагч хэмээн нэрлэгдэх боллоо. Г.Анхбаяр өнгөрсөн 2009 онд анхныхаа “Луйврын хот” киногоор багагүй шүүмжлэл, магтаалыг сонссон. “Луйврын хот” кино Г.Анхбаярын анхны уран бүтээл учир туршлагагүйтэх зүйл байлгүй яахав. Жүжигчин залуу дээрх алдаанаасаа суралцаж жинхэнэ сайн, чанартай киног хийхээр шургуу ажиллаж, өчигдөр мэргэжлийнхэнд үнэлүүллээ. Түүний хоёр дахь “Франц үнсэлт” хэмээх романтик, инээдмийн уран сайхны кино мэргэжлийнхний хүрээнд өчигдөр нээлтээ хийсэн юм. Энэ удаад залуу найруулагч Г.Анхбаяр үзэгчдээс төдийгүй, мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээг авч чадлаа. Киног дуусахад ахмад уран бүтээлчид Г.Анхбаярт баяр хүргэж байв.

Түүний энэ удаагийн кинонд залуу жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлагийн ахлагч Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн ээжид тоглосон жүжигчин А.Алтантуяа гээд олны хайртай жүжигчид тогложээ. Тэр ч утгаараа олны анхаарлыг энэ кино татаж, багагүй хүлээлтийг үүсгээд байсан юм. Мэдээж хэрэг олны хүлээлтийг залуу найруулагчийн бүтээл унтраасангүй. Ийнхүү Монголын кино урлагт шинэ залуухан найруулагч хүч түрэн орж ирлээ, мөн шинэ инээдмийн кино ч мэндэллээ. Энэ сарын 21-нд “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийх “Франц үнсэлт” инээдмийн уран сайхны киноны уран бүтээлчдэд амжилт хүсье.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж